Monday, October 7, 2013



Хоёр сая ажилтан Хятад дахь интернэтэд хяналт тавьдаг

Хятад дахь интернэтийг хянаж, цагдах ажилд Бээжингийн Засгийн газрын хоёр сая гаруй ажилтан цаг заваа зарцуулж суудаг хэмээн албаны “The Beijing News” сонин мэдээлэв. Эрх баригч коммунист дэглэм мэдээлэл, харилцааны кибер орон зайг хэрхэн, ямар далайцтайгаар хянадаг талаар анх удаа мэдээлэл өгч буй нь энэ юм. Дээрх хоёр сая төрийн албан хаагч нь мэдээллийг устгах бус, харин мэдээллийг “замаас нь шүүрч”, олон нийтийн санаа бодол, сэтгэгдэлд дүгнэлт хийх үүрэгтэй. Харин эрх баригчид энэ дүгнэлт, анализ дээр үндэслэн шийдвэр гаргадаг аж.
“The Beijing News” сонин энэ албанд зургаан сар ажиллаж буй Тан Сяотао хэмээх залуутай уулзаж ярилцсан байна. “Бид өдөр бүр компьютерийн ард сууж, тусгай програм ашиглан сөрөг мэдээлэл, сэтгэгдлийг шүүрдэж авдаг хэмээн тэрээр ярьжээ. Энэ зорилгоор ашигладаг програм нь хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологитой байдаг бөгөөд Хятадын дотор ч, гадна ч веб хуудсуудыг хянах чадвартай байдаг хэмээн Британийн “ВВС” агентлаг уламжилж байна.
Хятадын коммунист дэглэм интернэт, тэр тусмаа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээг хатуу хянаж байдаг билээ. Энэ нь улс төрийн эсэргүү, тэрс үзлийг дэлгэрүүлэхгүй, нухчин дарж байх аргуудынх нь нэг юм. Хятадад Weibo хэмээх олон нийтийн сүлжээ байдаг. 2010 онд байгуулагдсан энэ сүлжээ нь 500 сая хэрэглэгчтэй, өдөрт 100 сая зурвас, сэтгэгдэл үлдээж байдаг хамгийн том интернэт сүлжээ юм. Гэвч энэ сүлжээнд улс төрийн утга агуулгатай үг, зурвас бичигдвэл хэдхэн минутын дараа алга болдог аж. Интернэт, олон нийтийн сүлжээг хатуу хянадаг нэг жишээ нь энэ юм. Тус улсад сөрөг, эсэргүү мэдээллийг илрүүлэх үүрэгтэй хоёр сая гаруй хүн ажиллаж байдаг нь интернэтийн хяналтын цар хүрээг илтгэн харуулж байна.


“АВС”

Saturday, October 5, 2013






Мормонуудын тоо 15 саяд хүрлээ

Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүд буюу мормон шашны сүмийн итгэгчдийн тоо дэлхий даяар 15 саяд хүрлээ хэмээн “АР” агентлаг мэдээлэв. Сүүлийн 30 жилд мормонуудын тоо хоёр дахин нэмэгджээ. Христос шашны энэ урсгалын гишүүдийн тал хувь нь АНУ-аас өөр улс оронд амьдарч байна хэмээн тус шашны тэргүүн Томас Монсон Юта мужийн Солт-Лейк хотод болсон мормонуудын чуулган дээр мэдэгдэв.
Өнгөрсөн онд мормон шашин номлогчид 20 мянгаар нэмэгдэж, нийт тоо нь 80 мянганд хүрчээ. Эмэгтэйчүүд мормон сүмд ямар байр суурь эзлэх талаар хэлэлцэж буй чуулган АНУ-д үргэлжилж байна. Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийг Жозеф Смит 1830 онд байгуулсан юм. Мормон нь эрэгтэйчүүд олон эхнэртэй, эмэгтэйчүүд олон нөхөртэй байхыг номлодог шашны урсгал ажээ.

Б.Асад: Турк улс террористуудыг дэмжсэний төлөөсөө амсана

Туркийн эрх баригчид террористуудыг дэмжсэнийхээ төлөө “өндөр үнэ төлнө” хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Түүний баталж буйгаар, Анкара хэт даврагчдыг газар нутаг дээрээ орогнуулан хайцаалж байгаа аж. “Терроризмийг халаасандаа хийж, гар доорх амьтан шиг ашиглаж болдоггүй. Терроризм бол хамгийн анхны боломжоор эзнээ хатгаж алдаг хилэнцэт хорхойтой адил” хэмээн Асад “Аль-Арабиа” телевизээр ярилаа. Сири, Турк хоёр харилцан бие биенээ заналхийлээд байгаа юм.

Бээжингийн агаарын бохирдол дээд цэгтээ хүрлээ

Бээжин хот болон дагуул хотуудын агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс арав дахин ихэссэнийг Хятадын цаг уурчид анхааруулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт Бээжинд аль хэдийнэ алдагджээ. Агаарын хүчтэй бохирдол Хятадын өмнө хэсэг болон нийслэл хотод үргэлжилсээр байх төлөвтэйг мэргэжилтнүүд сануулав. Амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, аль болох гудамжинд гарахгүй байхыг зөвлөж байна.

Багдадад 66 мөргөлчин амиа алдав

Өнгөрсөн амралтын өдөр Иракийн Багдад хотод шийт мөргөлчдийн эсрэг алан хядах ажиллагаа болж 66 хүн амиа алдаад байна. Шийт шашинтнууд ариун сүмд зөнч Мохамед аль-Жавадын мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр явж байх үед амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Шархадсан хүний тоо хэдэн арваар тоологдож байна.
Энэ өдөр мөн Балад хотод болсон алан хядах ажиллагааны үеэр 12 хүний амь үрэгдэв. Шийт шашинтнууд ордог хоолны газарт нэгэн этгээд бөмбөг дэлбэлжээ. Балад нь Багдадаас хойд зүгт 80 км-ийн зайд байдаг аж. 40 хоногийн өмнө мөн энэ газар бөмбөг дэлбэрч арав гаруй хүний аминд хүрч байжээ.  

Грозный хотын өдөр нижгэр болов

Чеченийн нийслэл Грозный хотын өдөр нижгэр болж, Орос болон гадаадын эстрадын оддын гала-концерт, лазерийн шоугаар өндөрлөжээ. Энэ баярыг 2007 оноос хойш тэмдэглэж байгаа бөгөөд Чеченийн лидер Рамзан Кадыровын төрсөн өдөртэй давхацдаг аж. Мөн энэ өдөр улс орон даяар залуус болон багш нарын өдрийг тэмдэглэдэг.
Сунжа голын эрэг дахь задгай театрт болсон гала-концертод Валерий Мелазе, Викториа Дайнеко, Тимати, Лев Лещенко, Николай Басков, Зара, Ирина Дубцова, Snap, Лу Бега, London Beat зэрэг гадаад дотоодын одод ая дуугаа өргөв. Холливудын од Стивен Сигал хүндэт зочноор оролцжээ.

Б.Нетаньяху Ираны лидертэй утсаар ярилцахаас татгалзахгүй

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ираны Ерөнхийлөгч Хасан Роханитэй утсаар ярилцахаас татгалзахгүй хэмээн мэдэгджээ. “CNN” сэтгүүлч түүнээс “Та Иранаас ирсэн дуудлагыг хүлээж авах уу” хэмээн асуухад “Тийм ээ, хүлээж авна, харин бид эхэлж залгахгүй” хэмээн хариулсан байна.
Иран улс яриа хэлэлцээ хийх санал гаргавал Израиль улс Х.Роханитэй шууд бус харилцаа холбоо тогтооход бэлэн байгаа бололтой. “Би ирануудтай уулзах юм бол “Та нар цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсооход бэлэн үү” гэсэн ганцхан асуулт тавина” хэмээн Б.Нетаньяху ярьжээ. Тэрээр Ираны лидерийг “Хонины арьс нөмөрсөн чоно” хэмээн нэг бус удаа нэрлэсэн билээ.

180 метр шорлог бэлтгэжээ

“Euro-Asia Expo-2013” үзэсгэлэнгийн үеэр Казань хотын иргэд 180 метр урт шорлог бэлтгэж Гиннесийн номд бүртгүүлэх амжилтын эзэн болоод байна. Хамгийн урт шорлогыг бэлтгэхэд 200 кг үхрийн мах, 500 кг хусны нүүрс хэрэглэв. Аварга амжилтын номд бүртгэх урт шорлогийг хоёр зуу орчим хүн зоогложээ. Гиннесийн номын газраас арав хоногийн дотор зохих хариуг өгөхөөр болов. 180 метр урт шорлог хийхийн тулд 50 орчим тогооч болон 100 орчим сайн дурынхныг дайчилсан байна.

М.Саакашвили дахин намын даргаар сонгогдлоо

Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили “Үндэсний эв нэгдлийн хөдөлгөөн” намын даргаар дахин сонгогдлоо. Тэрээр дахин намынхаа даргаар батлагдсаны дараа Гүржийн улс төрийн хүчнүүдийн хоорондох сөргөлдөөнийг зогсоохыг уриалав. Тбилиси хотын Спортын ордонд болсон “Үндэсний эв нэгдлийн хөдөлгөөн” намын их хуралд арван мянга орчим төлөөлөгч оролцжээ. Намын ерөнхий нарийн бичгийн даргаар авилгалын хэргээр баривчлагдаад байгаа Гүржийн Ерөнхий сайд асан Вано Мерабишвили сонгогдлоо. 


Сирийн босогчид гурав хуваагдлаа

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг тулалдаж байгаа Сирийн Үндэсний чөлөөлөх арми гурван хэсэгт хуваагдлаа. Гадаадад хамгийн их дэмжлэг хүлээж байсан Сирийн сөрөг хүчний энэхүү нэгдэл өрнөдийн орнуудын Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэг Сирийн Үндэсний чөлөөлөх арми, Саудын Арабын дэмжлэгтэй жихадистууд болон “Аль-Кайда”-д үнэнч дайчид гэсэн гурван хэсэгт хуваагдаад байна.
Сирийн Үндэсний чөлөөлөх армийн төв командлалаас өчигдөр гаргасан мэдэгдэлд, Башар Асадын эсрэг тулалдаж байгаа босогчдын бүлэг, отрядуудыг тус армийн улс төрийн жигүүр болох Сөрөг хүчний үндэсний эвслийг тойрон нягтарч, эв санаагаа нэгтгэхийг уриалжээ. АНУ тэргүүтэй холбоотнууд Сирийн эрх баригч дэглэмд цэргийн цохилт өгөхгүй байх шийдвэр гаргаснаар тус байгууллага үндсэрхэг босогчдын бүлгүүдийн өмнө нэр хүндээ бүрэн алдаад байгааг ажиглагчид тэмдэглэж байна.
“Аль-Кайда”-гийн сургааль, номлолыг дагадаг босогчдын бүлгүүд Сирийн үндэсний чөлөөлөх армиас тусдаа гарч буйгаа зарласны дараа Саудын Арабын дэглэмээс санхүүждэг “Аль-Нусра” бүлэг мөн л ийм шийдвэр гаргалаа. Тус бүлэг нь хатуу ширүүн, дайнч чанараараа алдартай юм. Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцэлд нэгдэж, Дамаск хотын бүслэлтэд оролцож байсан 50 орчим зэвсэгт отряд Лалын арми хэмээх өөрсдийн эвслийг байгуулж буйгаа аравдугаар сарын 1-нд зарлажээ. Эвслийн лидер Захран Алуш нь Сирийн иргэний дайнд Саудын Арабын ашиг сонирхлыг төлөөлдөг нэгэн билээ.
Лалын армийн салафистууд ч, “Аль-Кайда”-гийн жихадистууд ч Башар Асадын дэглэмийг унагаж, Сирид шариатын хууль дээр үндэслэсэн лалын дэглэм тогтоохыг хүсч байгаа юм. Гэвч тэд гео-стратегийн улмаас хамтран тэмцэх боломжгүй болж байгаа бололтой. “Аль-Кайда” байгууллага Ойрхи Дорнод дахь лалын хувьсгалын бас давалгаа болгож Сирийн дэглэмийг түлхэн унагах сонирхолтой байгаа бол, Саудын Араб эсрэгээрээ байна. Эр-Рияд Сири дахь бослого хөдөлгөөний халдвар эх оронд нь орж ирэхээс сэргийлэхийн тулд Сири дахь бослогыг хязгаарлах хүсэлтэй байгаа ажээ.

Wednesday, October 2, 2013



Энрике, Анна хоёр салсан уу

Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас, Оросын теннисч бүсгүй Анна Курникова нарыг тойрсон шуугиан дэгдсэний дараа “New York Times” сонин хосыг тусдаа амьдрах болсныг мэдээлжээ. Тэд Майами дахь Бэй Пойнт дүүрэгт хамтын амьдралаа цэцэглүүлэх тансаг байшин бариулж байснаа худалдаанд тавьжээ. Усан сан, цэцэрлэг, гурван унтлагын өрөө, бяцхан амьтны хүрээлэнтэй энэ байшинг зуучлалын пүүсээр дамжуулан 10 сая доллараар худалдаанд тавьсан нь тодорхой болоод байна. Анна хайрт испани залуугаа гэрлэх санал тавихыг хүлээсээр байгаад залхсан гэж хэвлэлд бичжээ. Харин Энрике гэрлэхгүйгээр хүүхэдтэй болцгооё гэдэг бололтой. Дуучин, тамирчин хоёр 12 жил хамт амьдарч байгаа билээ.

Кенийн цэргүүдийг дэлгүүр тоносон хэмээн хардав

Хэд хоногийн өмнө Кенийн нийслэл Найроби хот дахь “Уэстгейт” худалдааны төвийг лалын алан хядагчид барьцаалж, чөлөөлөх ажиллагааны үеэр 70 орчим хүн амиа алдсан билээ. Кенийн цэргийнхэн тус төвийг довтолж чөлөөлсний дараа тэнд байдаг дэлгүүрүүдээс үнэт эдлэл, гоёл, гар утас, архи болон касснаас бэлэн мөнгө алдагдсан хэмээн дэлгүүрийн эзэд мэдэгдэж байна. Гэвч бизнесмэнүүдэд үүнийг нотлох баримт байхгүй байгаа аж.
Цэргийнхэн худалдааны төвийг дайран эзэлсний дараа эрх баригчид тус төвийг бүсэлж, зөвхөн тусгай хүчнийхэн болон Засгийн газрын төлөөлөгчдийг оруулж байсан юм. Дэлгүүрийн эзэд өчигдрөөс эхлэн ажлын байр руугаа орж, үлдсэн бараагаа шалгаж байна. Тэд алга болсон барааныхаа жагсаалтыг гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болжээ.

Ливийн шоронд найман мянган хүн хууль бусаар хоригдож байна

Ливийн шорон гянданд экс Ерөнхийлөгч Муаммар Каддафийн дэглэмийг дэмжсэн хэрэгт буруутгагдсан найман мянга орчим хүн хууль бусаар хоригдож байгааг НҮБ-ын Хүний эрхийн дээд байгууллагаас дуулгалаа. Тэдгээр хүмүүс өмгөөлөгч авах, гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжгүй байгаа аж. 
Каддафийн дэглэм нуран унасны дараа Ливийн шоронгуудад тамлан зовоолт хэрэглэх явдал гаарч, энэ нь үхлээр төгсөх тохиолдол ч гарсан байна. 2012 онд Ливийн шоронд тамлалт, эрүү шүүлтийн улмаас 27 хүн амь насаа алджээ. Баривчлагдсан хүмүүсээс мэдээлэл авч, гэмт хэрэг тулган хүлээлгэхийн тулд эхний өдрүүдэд эрүү шүүлт ашиглаж байгааг НҮБ-ын илтгэлд онцолсон байна. Дамшрамд сонирхуулахад, М.Каддафийн том хүү Саиф аль-Исламыг шүүх хурал арванхоёрдугаар сар хүртэл хойшлогджээ.


Испаничууд бухын тулааныг сэргээхийг шаардав

Испанийн Сенат (парламентын доод танхим) 2012 оны нэгдүгээр сард үндэсний уламжлалт бухын тулааныг хориглох шийдвэр гаргасныг тус улсын депутатуудын танхим хүчингүй болгож магадгүй байна. Нийт орон даяар хэрэгжих ёстой дээрх шийдвэрийг цуцлахыг шаардсан 600 мянган хүний гарын үсэгтэй хүсэлт парламент дээр ирээд байна. Энэ баримт бичигт Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой, Сенатын тэргүүн асан Эсперанса Агирре, Нобелийн шагналт зохиолч Марио Варгас Жоса, дуучин Хоакин Сабана зэрэг нэр, цуутай хүмүүс байгаа юм. Испанид эрх барьж буй Ардын нам коррида буюу бухын тулааныг зөвшөөрүүлэхийн зэрэгцээ энэ цэнгүүнийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэхийг эрмэлзэж байна. Коррида нь Испанийн үндэсний соёл уламжлалын салшгүй хэсэг, нийт испаничуудын түүхэн чухал өв, цэнгүүн билээ.
Сенатаас баталсан хуулийг Испанийн төвийн Засгийн газарт “харшилтай” Каталон муж шууд л хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч испани иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэн, нийтээрээ дургүйцлээ илэрхийлсний дараа парламентын доод танхим энэ асуудлаар дахин хэлэлцүүлэг явуулахаар болов. 350 депутатын 180 нь асуудлыг дахин хэлэлцэхээр болж, дөнгөж 40 нь эсэргүүцсэн байна. Парламентын гишүүдийн ихэнх нь корридаг хууль ёсны гэж үзвэл Сенатаас гаргасан хориг цуцлагдах юм.
Гэвч корридаг Испанид байлгах уу, үгүй гэдэг нь маргаан дагуулсан хэвээр байна. Энэхүү зэрлэг цэнгүүнийг бүгд хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Бухын тулааныг парламент дээр авчран хэлэлцэж байгаа нь буруу, гаж үзэгдэл хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. “Европын иргэншсэн, соёлтой улс оронд амьтныг тамлан, цусыг нь гоожуулж цэнгэдэг явдал байх ёсгүй” хэмээн сөрөг хүчний эвслийн Каталон дахь төлөөлөгч Франческ Санчес өгүүлэв. Каталон мужид корридаг хууль ёсны болговол амьтдын эрх гэж байхгүй болж, Испанийн нийгмийг дэлхий дахинд муугаар харах болно хэмээн тэрээр нэмж хэллээ. Гэвч Испаниас салан тусгаарлахыг хүсдэг каталан үндэстнүүд Испанийн билэгдэл болсон бүхнээс татгалзахыг хүсдэг нь нууц биш юм. Зүүний намуудаас гадна Испанийн амьтдыг хамгаалах нийгэмлэгүүд, Амьтдыг хамгаалах дэлхийн холбоо (WSPA) хүчтэй эсэргүүцэж байна. “Нийгэм өөрөө өөрчлөгдөж байхад хуучин уламжлал бүхнийг хадгалах боломжгүй. Зэрлэг уламжлалыг хоиглох ёстой” хэмээн WSPA-ийн төлөөлөгч Нина Даун ярилаа.
Бухтай тулалдан наадах цэнгүүн аль XV зуунд үүсчээ. Тэр үеийн Ромын хамба лам тавдугаар Пий сүмээс огцруулах шахалтаас айхдаа корридаг хориглож байсан гэдэг. Гэвч бухын тулааны үнэнч фэн, Испанийн хаан II Филипп хамба ламын хоригийг үл тоомсорлож, Испанид корридаг зөвшөөрсөн аж. Испанийн одоогийн хаан Хуан Карлос ч бухын тулааныг хориглохын эсрэг байдаг билээ.
Сенатаас гаргасан хоригийн улмаас 2012 оны нэгдүгээр сараас хойш корридад зориулан бух үржүүлдэг Испанийн олон зуун малчин, фермер хохирол амсаад байна. Мөн тореро буюу мэргэжлийн бухын тулаанчид ч ажилгүй, орлогогүй болжээ. 2009 оноос хойш тореро нарын тоо 13 хувиар цөөрөв. Испани даяар 11 мянган тулаанч тоологддог аж. Бухыг олон хүний өмнө алах, эсвэл нядалгааны газар тэрнээс аймшигтайгаар, олноор нь алах хоёрын хооронд ямар ялгаа байна аа хэмээн учирлах испаничууд олон байна. Испанид жил бүр хэдэн саяараа ирдэг гадаадын жуулчид XV зуунаас хойш Испанийн гол нэрийн хуудсын нэг болсон бухын тулааныг өөрийн нүдээр үзэхийг хүсдэг билээ. Тиймээс бухын тулаан нь уламжлалт өв соёлоос гадна олон хүнийг тэжээж, улсад багагүй орлого оруулдаг чухал салбар юм.
“Улс орон бүрт бусдаас ялгарах түүхэн өв соёл, уламжлал гэж байдаг. Коррида бол Испанийн нэг нэрийн хуудас. Би Испанийн бухын тулаан, зоригт тореро нарыг үзэхээр дөрвөн жил дараалан энд ирж байна. Гэвч корридаг хориглох талаар их ярих болж, хамгийн сүүлд коррида үзэхэд урьд өмнөх шигээ гоё, сэтгэл татам байхаа больсон байна лээ” хэмээн нэг гадаад жуулчин өгүүлэв. Корридаг сэргээхийг шаардсан жагсаал Каталон мужийн нийслэл Барселона хотод болоход олон мянган хүн оролцжээ.
Эдийн засгийн хямралын улмаас орон нутгийн эрх баригчид бухын тулаанд өгдөг санхүүжилтээ ихээхэн багасгасан аж. Ажилгүйдэл 26 хувьд хүрсэн нь иргэдийн коррида үзэх сонирхолд ч нөлөөлжээ. Канарын арал дээр 1991 онд бухын тулааныг хориглосон юм. Тэгвэл Каталон нь корридаг хориглосон Испанийн хоёр дахь муж болоод байна. 

Tuesday, October 1, 2013

Кенийн цэргүүдийг дэлгүүр тоносон хэмээн хардав

Хэд хоногийн өмнө Кенийн нийслэл Найроби хот дахь “Уэстгейт” худалдааны төвийг лалын алан хядагчид барьцаалж, чөлөөлөх ажиллагааны үеэр 70 орчим хүн амиа алдсан билээ. Кенийн цэргийнхэн тус төвийг довтолж чөлөөлсний дараа тэнд байдаг дэлгүүрүүдээс үнэт эдлэл, гоёл, гар утас, архи болон касснаас бэлэн мөнгө алдагдсан хэмээн дэлгүүрийн эзэд мэдэгдэж байна. Гэвч бизнесмэнүүдэд үүнийг нотлох баримт байхгүй байгаа аж.
Цэргийнхэн худалдааны төвийг дайран эзэлсний дараа эрх баригчид тус төвийг бүсэлж, зөвхөн тусгай хүчнийхэн болон Засгийн газрын төлөөлөгчдийг оруулж байсан юм. Дэлгүүрийн эзэд өчигдрөөс эхлэн ажлын байр руугаа орж, үлдсэн бараагаа шалгаж байна. Тэд алга болсон барааныхаа жагсаалтыг гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болжээ.

В.Путинийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэв

Дэлхийн улс орнуудын холбооны Олон улсын академиас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгааг тус академийн тэргүүн Георгий Трапецников мэдэгдлээ. “Дайн мөргөлдөөнтэй бүс нутагт Ерөнхийлөгч Путиний гүйцэтгэж буй энх тайванч бодлогыг дэлхий даяараа мэднэ. Сири дахь хямралыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх үйлст Кремлийн тэргүүн онцгой хүчин чармайлт гаргасан” хэмээн тэрээр онцоллоо. Нобелийн шагналд тодорхойлж буй захидлыг есдүгээр сарын 16-нд Нобелийн шагналын хороонд илгээсэн байна. Захидлыг хүлээж авснаа Нобелийн шагналын хорооноос мэдэгдсэн аж.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “В.Путин Нобелийн шагнал авах ёстой хүн. Түүний хүчин чармайлтаар Сирийн дайныг зогсоох боломжтой болсон” хэмээн ярьжээ. Энэ долоо хоногт Москвад айлчлалаар ирэх Венесуэлийн парламентын тэргүүн Диосдадо Кабельо В.Путинтэй уулзаж Н.Мадурогийн дэмжлэгийг албан ёсоор гардуулах юм.

М.Мурсийг дэмжигчид дахин Тахририйн талбайд цуглав

Египетийн Ерөнхийлөгч асан Мохамед Мурсийг дэмжигчид Каир хот дахь Тахририйн талбайд цуглаж эсэргүүцлээ илэрхийлэх үеэр цагдаа нар хүчээр тараажээ. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, экс Ерөнхийлөгчийг дэмжигч зуу гаруй хүн жагсаалд оролцож, одоогийн эрх баригчдын эсрэг уриа лоозон хашгирч байжээ. Жагсаалын үеэр иргэд болон худалдаачдын хооронд зодоон болсон ч цагдаа нар ирж зохицуулсан байна. Цэргийн шинэ эрх баригчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг нухчин дарах ажиллагаа явуулж буйг жагсагчид эсэргүүцсэн аж.

Ливийн шоронд найман мянган хүн хууль бусаар хоригдож байна

Ливийн шорон гянданд экс Ерөнхийлөгч Муаммар Каддафийн дэглэмийг дэмжсэн хэрэгт буруутгагдсан найман мянга орчим хүн хууль бусаар хоригдож байгааг НҮБ-ын Хүний эрхийн дээд байгууллагаас дуулгалаа. Тэдгээр хүмүүс өмгөөлөгч авах, гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжгүй байгаа аж.  
Каддафийн дэглэм нуран унасны дараа Ливийн шоронгуудад тамлан зовоолт хэрэглэх явдал гаарч, энэ нь үхлээр төгсөх тохиолдол ч гарсан байна. 2012 онд Ливийн шоронд тамлалт, эрүү шүүлтийн улмаас 27 хүн амь насаа алджээ. Баривчлагдсан хүмүүсээс мэдээлэл авч, гэмт хэрэг тулган хүлээлгэхийн тулд эхний өдрүүдэд эрүү шүүлт ашиглаж байгааг НҮБ-ын илтгэлд онцолсон байна. Дамшрамд сонирхуулахад, М.Каддафийн том хүү Саиф аль-Исламыг шүүх хурал арванхоёрдугаар сар хүртэл хойшлогджээ.

Зимбабвейд 91 зааныг хордуулж алжээ

Зимбабвейн хулгайн анчид цианид хэмээх бодисоор 91 зааныг хордуулж алсан тухай “АР” агентлаг мэдээлэв. Хулгайн анчид Хванга дархан цаазат газар нэвтрэн орж, хар зах дээр өндөр үнэ хүрдэг зааны соёог авахын тулд ийнхүү зэрлэг амьтдыг хядсан байна. Зааныг ийм олноор нь алж байсан тохиолдол гарч байгаагүй аж. Заануудыг алт олборлоход ашигладаг цианидаар хордуулсныг мэргэжилтнүүд тогтоогоод байна.






П.Маккартни фэнийхээ захидалд 50 жилийн дараа хариу илгээв

“Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартни 1963 онд шүтэн бишрэгчээс нь ирж байсан захидалд саяхан хариу өгчээ. “ВВС” агентлаг 50 жилийн өмнө дээрх захидлыг илгээж байсан эздийг олж чадсан аж. Ливерпуль хот дахь The Beatles Story музейд сэр Полын захидлын хариуг тэдэнд гардуулж өгчээ. “Таны захидалд талархлаа. Хариу эзэндээ очсон нь сайн хэрэг. Хэзээ ч үгүй байснаас оройтсон нь дээр” хэмээн П.Маккартни хариу захидалдаа бичсэн байлаа. Дашрамд сонирхуулахад, Пол Маккартни саяхан New хэмээх цомгоо гаргажээ. Цомгийн албан ёсны нээлт аравдугаар сарын 14-нд болохоор төлөвлөгдөөд байна.

Сирийн дайнд 115 мянган хүн амиа алджээ

2011 оны гуравдугаар сараас хойш Сирид үргэлжилсээр байгаа иргэний дайн 115 мянга 206 хүний аминд хүрээд байгаагийн гуравны нэг нь энгийн иргэд байна хэмээн НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдэгдлээ. 2011 оны гуравдугаар сарын 18-нд өмнөд хэсгийн Дераа хотод анхны энгийн иргэн амь насаа алдсанаас хойш 41 мянга 533 иргэн амь үрэгдээд байгаа юм. Тэдний зургаан мянга нь хүүхэд, таван мянга орчим нь эмэгтэйчүүд байна. Сөрөг хүчний 21 мянган цэрэг амиа алдсан бол, Сирийн армийн бие бүрэлдэхүүний 28 мянган цэрэг амь эрсэджээ. Ерөнхийлөгч Башар Асадын талд Ливаны “Хезболла” бүлгийн дайчид байлдаж байгаа бөгөөд тэдний эгнээнээс 200 орчим цэрэг амь үрэгдээд байна.
Сирийн армийн цэргүүдэд баривчлагдсан арван мянган хүн хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Харин сөрөг хүчнийхэн Асадын талыг баримтлагч гурван мянган цэргийг олзлоод байгаа юм. Сирийн иргэний дайны хөлөөс хоёр сая гаруй хүн зугтаж дүрвээд байна хэмээн НҮБ-аас мэдэгдлээ.


Унгар улс тэнэмэлүүдээ шийтгэнэ

Унгарт амьдардаг хэдэн мянган тэнэмэл, орон гэргүй хүмүүсийг ихээхэн “хатуу өвөл” хүлээж байна. Парламентын суудлын гуравны хоёрыг эзэлж, илт давуу эрхээ тогтоосон консерватив Фидес нам гудамжинд амьдардаг хүмүүсийг торгох, олон нийтийн хөдөлмөр хийлгэх, бүр шоронд хорих хүртэл шийтгэл оногдуулах хуулийг баталжээ. Орон гэргүй хүмүүст ингэж хатуу хандаж, шийтгэх нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг хэмээн Human Rights Watch байгууллага болон орон нутгийн төрийн бус байгууллагууд үзэж байгаа юм. Унгарын гүйцэтгэх засаглалын тэргүүн Виктор Орбан энэ бодлогынхоо төлөө Европ даяар шүүмжлүүлж байна. Тэрээр олон нийтийн газарт эмх журмыг баталгаажуулж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авсан тухайгаа Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ.
Хотын захиргаанаас орон гэргүй хүмүүсийн байх ёсгүй газар, бүсийг тогтоож өгөх аж. Хамгийн түрүүнд соёлын өв, дурсгал бүхий газар, түүний эргэн тойронд тэнэмэл хүмүүс харагдах ёсгүй хэмээн хотын захиргааны төлөөлөгч Балинт Мисетиц ярилаа. Түүх, соёлын дурсгалаараа алдартай Будапешт хотын төв үүнд бүрэн хамрагдаж байгаа юм. Энэ цаг мөчөөс хойш эдгээр бүс нутагт ямар нэг тэнэмэл, орон гэргүй хүн харагдах юм бол цагдаа очиж тэндээс явах шаардлага тавих аж. Шаардлагыг үл биелүүлбэл 6-180 цагийн олон нийтийн албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл оноох ажээ. Үүнийг эс зөвшөөрвөл хуулийн дагуу 500 хүртэл еврогоор торгоно. Тэнэмэлүүд энэ зөрчлийг зургаан сарын дотор гурван удаа давтвал 1-60 хоног шоронд хорих ялаар шийтгэх юм. Оромж, овоохой босгон амьдарч байгаа хүмүүст энэ хууль мөн хамаатай хэмээн эрх баригчид мэдэгдэж байна.
Орон гэргүй хүмүүсийн эсрэг чиглэсэн Орбаны Засгийн газрын энэхүү бодлого нь шинэ зүйл биш. 2012 оны арваннэгдүгээр сард Унгарын Үндсэн хуулийн шүүх ийм агуулгатай хуулийг хүчингүй болгож байжээ. Гудамжинд амьдарч байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн шиг үзэж шийтгэх нь хүний эрхийг хамгаалах, хүндэтгэж үзэх зарчимтай зөрчилдөж байна гэж үзээд цуцалж байсан аж. Гэвч энэ нь Виктор Орбаныг “нугалж” чадсангүй. Тэрээр тэнэмэл хүмүүсийг шийтгэх хуулийг дахин парламентаар оруулж батлуулж чадлаа.
Унгар дахь хүний эрхийг хамгаалагчид дээрх хуулийг эсэргүүцэж байна. Фидес нам 2010 онд сонгуульд илт давамгай ялалт байгуулснаасаа хойш орон гэргүй хүмүүсийн эсрэг хатуу ширүүн бодлого явуулж иржээ. “Тэднийг шийтгэж, торгосноор ядуурал арилахгүй. Тэр хүмүүс өөрсдийн хүслээр гудамжинд амьдраагүй. Өөр сонголтгүй болоод л тэгж яваа хүмүүс. Тэнэмэл хүмүүсийг орогнуулдаг газрууд дүүрчихээд байна. Зөвхөн Будапешт хотод гэхэд л дөрвөн мянган тэнэмэл хүнийг орогнуулах газар дутагдаж байна” хэмээн хүний эрхийн байгуулагын ажилтан ярилаа. Харин Засгийн газраас тэнэмэл хүнийг хонуулах газар хангалттай байгаа, энэхүү шинэ хууль нь орон гэргүй хүмүүсийн ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалахын төлөө батлагдсан хэмээн мэдэгдэж байна.