Saturday, May 4, 2013





Энэ хар хүүхэн чинь Чезимар шүү дээ.....................................

Израиль Дамаскт цохилт өгчээ

Сирийн нийслэл Дамаск хотод ням гаригийн өглөө хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болжээ. Израилийн тал Сирийн цэргийн судалгааны төвийн байрыг пуужингаар харвалаа хэмээн Сирийн үндэсний телевизээр мэдээлэв. Израилиуд нэгдүгээр сард мөн энэ барилгад цохилт өгч байжээ. Тель-Авив энэ долоо хоногт Сирид агаараас цохилт өгнө гэдгийг АНУ хэд хоногийн өмнө мэдэгдэж байсан юм. “Израилийн тал Сири дахь террористуудын сэтгэлийг засах гэж дахин довтоллоо” хэмээн Сирийн төв телевизээр ярьжээ. Тель-Авив ямар нэг мэдэгдэл, тайлбар хийсэнгүй.

Хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дайрчээ

Хятадын Бээжин хотын төвд хутгаар зэвсэглэсэн этгээд автомашинд байсан жолооч, зорчигчид руу дайрч хоёр хүний аминд хүрчээ. Нэг хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаа нар хэргийн газар ирэхэд гэмт хэрэгтэн автомашин дотор өөрийгөө түгжиж, баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлжээ. Баривчилгааны явцад шархадсан гэмт этгээд эмнэлэгт очоод нас барсан байна. Цагдаа нар гэмт хэрэгтний хэн болохыг тогтоож, ямар шалтгаанаар халдлага үйлдсэнийг шалгаж байна.

Афганистанд таван америк цэрэг эрсэдлээ

Афганистаны Кандагар мужид бөмбөг дэлбэрч таван америк цэрэг амь эрсэдлээ хэмээн Америкийн армийн төлөөлөгч мэдэгдэв. Цэргүүд сууж явсан хуягт техник минад өртөн дэлбэрчээ. Ийнхүү долоо хоногийн дотор Афганд 19 америк амиа алдаад байна. 14 нь онгоцны ослоор амь үрэгдсэн юм. 2013 онд тус улсад НАТО-гийн 47 цэрэг амь үрэгдсэний 32 нь америкууд ажээ.
2013 оны дөрөвдүгээр сарын 27-нд “Талибан” хөдөлгөөн хаврын дайралтаа эхлүүлж буйгаа зарласан. Цаг агаар дулаарснаар босогчдын хөдөлгөөн, шилжилт хялбар болж, дайн байлдааны ажиллагаа явуулахад дөхөмтэй болдог аж.

Уоррен Баффет залгамжлагчаа сонгожээ

Америкийн тэрбумтан, Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын холдингийн тэргүүн Уоррен Баффетт залгамжлагчаа сонгосон тухайгаа жил тутмын хувьцаа эзэмшигчдын чуулган дээр мэдэгджээ. 82 настай Баффет “Намайг холдингийн удирдлагаас буусны дараа хэн удирдагч болохыг би мэдэж байна” хэмээн Небраска мужийн Омаха хотод 30 мянган дэмжигчийнхээ өмнө ярьжээ. Холдингийн Удирдах зөвлөл ч Баффетийг хэн орлохыг мэдэж байгаа аж. Харин хэн гэдгийг одоогоор зарлаагүй байна.
Berkshire Hathaway-ийг 1965 оноос хойш тэргүүлж байгаа Уоррен Баффетт 2008 онд дэлхийн тэргүүн бянаар тодорч байв. Эдүгээ тэрээр 57 тэрбум долларын хөрөнгөөрөө энэ жагсаалтын гуравт бичигдэж байна.

Тупак Шакурын авга эгчийн толгойг хоёр сая доллараар үнэлэв  

ХНУ-ын Холбооны мөрдөх товчоо хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жагсаалтад анх удаа эмэгтэй хүнийг оруулжээ. Алдарт рэппер Тупак Шакурын авга эгч Жоан Дебора Чезимар энэхүү “эргэлзээтэй нэр хүнд”-ийг хүртээд байна. Ассата Шакур хочоороо алдаршсан Чезимар “Хар чөлөөлөлтийн арми” хэт даврагч бүлгийн гишүүн байжээ. 1970-аад онд тус бүлэг банкуудыг идэвхтэй дээрэмдэж, цагдаагийн ажилтнуудын амь насанд халдаж байв.
1973 онд Нью-Жерсид цагдааг буудан хөнөөсөн Чезимар 1997 онд бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Чезимар болон түүний хамсаатнуудын сууж явсан автомашиныг хоёр цагдаа зогсоожээ. Тухайн үед Чезимар банк дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан аж. Буудалцаан болж нэг цагдаа алуулж, нөгөө нь шархадсан байна.
1979 онд гэмт хэрэгтэн бүсгүй шоронгоос оргож, дараа нь Кубад очиж нуугджээ. Кубын эрх баригчид түүнд улс төрийн орогнол олгосон юм. Холбооны мөрдөх товчоо дээрх цагдаагийн үхлийн 40 жилийн ойгоор Чезимарыг хамгийн ихээр эрэн сурвалжилж буй террористуудын жагсаалтад оруулсан байна. ХМТ-ны сайтад Чезимарын ашиглаж байсан 20 орчим нэрийг ил болгожээ. Тэрээр хэзээ төрсөн нь тодорхой бус, эдүгээ 60-66 настай хэмээн үздэг.
АНУ-ын эрх баригчид гэмт хэрэгтэн эмэгтэйн байгаа газрыг зааж өгсөн хүнд нэг сая долларын шагнал амлажээ. Мөн Нью-Жерси мужийн захиргаа Чезимарыг баривчилж чадсан хүнд дахин нэг сая долларын шан амлаж байна. ХМТ-ны төлөөлөгч террорист бүсгүйг Америкт буцаж ирж, бууж өгч шүүхийн өмнө зогсохыг уриалжээ.

Калифорнид түймэр заналхийлж байна

АНУ-ын Калифорни мужийн дөрвөн мянган орон сууцыг шатаахаар заналхийлж байгаа түймэртэй хоёр мянга орчим гал сөнөөгч өдөр шөнөгүй тэмцэж байна. Гал түймэр 11 мянган га газрыг хамарчээ. Одоогоор аймшигт түймрийн 30 хувийг хяналтдаа оруулаад байна. Лос-Анжелес хотоос 65 км-т орших Малибу орчмоос ойн түймэр эхэлжээ. Хоёр мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болоод байна. Нэг гал сөнөөгч, нэг иргэн түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ.




Хятадад хархны махыг үхрийн мах болгож байна

Хятадад томоохон шуугиан дэгдэв. Увайгүй худалдаачид харх, үнэгний махыг үхрийн, хонины мах хэмээн зарж байсан нь илрээд байна. Одоогоор энэхүү хууль бус бизнест хутгалдсан 904 хүнийг баривчлан саатуулаад байна хэмээн “Синхуа” агентлаг Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны эх сурвалжаас иш татан мэдээллээ. Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгах явцад олон зүй бус үйлдлийг илрүүлэв. Цзянсу мужид гэхэд л үнэг, булга, хархны маханд химийн бодис нэмж хонины мах болгоод зах дээр гарган борлуулдаг байсан аж. Хуурамч махны худалдаачид энэхүү наймаанаас нийтдээ 10 сая юанийн (1.62 сая доллар) ашиг олоод байжээ.
Хуурамч махыг анх нэгдүгээр сард илрүүлсэн юм. Гэмт этгээдүүд махыг химийн бодисоор “бордоод” зогсохгүй мөн усаар тарьж хөөлгөн жинг нь нэмэгдүүлдэг байв. Үхсэн амьтны махыг ашигласан тохиолдол цөөнгүй гарчээ. Одоогоор 20 тн гаруй “хулхи” мах хурааж, 382 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хуурамч махны хэргийг илрүүлэн шалгаж буй нь өргөн хэмжээний кампанит ажлын зөвхөн эхлэл нь хэмээн Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлэв. Дараагийн ээлжинд сүүн бүтээгдэхүүний нөхцөл байдлыг шалгахаар болжээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт “гүнзгий дархлагдчихаад” байгаа олон асуудал байгааг цагдаагийн газар хүлээн зөвшөөрсөн ч өөр нарийн ширийн зүйл дэлгэсэнгүй.
Дээрх шуугиантай холбогдуулан дэлхийн улс орнууд Хятадад аялж явахдаа мах идэхгүй байхыг анхааруулж байна. “Үхэр, хонины маханд холилдсон байж магадгүй үнэг, хархны мах нь галзуу өвчин, тахал, хижиг, сальмонеллез зэрэг олон аюултай өвчнийг өдөөгч вирусыг хадгалж байдаг. Тиймээс Хятадад байхдаа мах идэхгүй байвал өлзийтэй” хэмээн улс орнууд сэрэмжлүүлж байгаа юм.
2008 онд Хятадад меламинтэй холбоотой шуугиан дэгдэж дэлхий нийтийг цочроож байсан билээ. Зарим компани сүүн бүтээгдэхүүн, тэр тусмаа хүүхдийн хоол тэжээлд меламин хэмээх үхэлд ч хүргэж болох хортой бодисыг нэмсэн байсан. Албан ёсны мэдээллээр, меламинд 300 мянган хүн хордож, 54 мянган хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнээс зургаан хүүхэд нас барсан юм. Меламинтэй, эрүүл мэндэд аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компанийн эздийг баривчилж шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэдний хоёрыг нь цаазаар авсан байна. Сүүн бүтээгдэхүүнд меламин байгааг эрх баригчдад анх мэдээлж байсан иргэн Зян Вэйсо 2012 онд учир битүүлэг шалтгаанаар амиа алджээ.

Wednesday, May 1, 2013








Төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ

Чадын тусгай албаныхан Ерөнхийлөгч Идрис Дебиг эсэргүүцэгчдийн хэдэн сарын өмнөөс бэлдэж байсан төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ. Дэглэмийг эсэргүүцэгчид тусгай албаны мэргэжлийн ур чадварыг дутуу үнэлсний улмаас санаа нь бүтэлгүйтсэн хэмээн Мэдээллийн сайд Силла Бакари ярилаа. Тусгай албаныхан 2012 оны арванхоёрдугаар сараас хойш тэднийг ажиглаж байгаад өчигдөр баривчилсан аж. Саатуулагдсан хүмүүсийн дотор цэргийн хэд хэдэн офицер, мөн парламентын нэг гишүүн байгаа юм. Чадын армийн цэргүүд Мали дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа. Төрийн эргэлт хийх оролдлого үүнтэй холбоотой байж магадгүй байна.

Хар арьст сайдыг саpмагчин хэмээн нэрлэсэн хүмүүсийг эрэн сурвалжилж байна

Италийн Засгийн газар улс орны анхны хар арьст сайдыг доромжилсон хэргийг мөрдөн шалгахаар болжээ. Ардчилсан намын Энрико Леттагийн бүрдүүлсэн Засгийн газарт Сесиль Киенге хэмээх хар арьст бүсгүй Нэгдэл, хамтын ажиллагааны сайдаар томилогдсон юм. Конгод төрсөн тэрээр шинэ Засгийн газрын долоон эмэгтэй сайдын нэг ажээ. Сесиль Киенге сайдаар томилогдсоны дараа түүнийг интернэт сайтуудаар “Конгын сармагчин”, “Хар шавар” зэргээр нэрлэж дормжилжээ. Тэгш байдлын сайд Жозефа Идемийн санаачилгаар хар арьст сайдыг доромжилсон хүмүүсийг саатууллан шалгах ажлыг эхлүүлсэн байна. Конго гаралтай Сесиль, герман гаралтай Жозефа нар итали хүнтэй гэрлэж Италийн иргэн болсон ажээ.

Ирак дахь дэлбэрэлт 12 хүний аминд хүрлээ

Иракт хэд хэдэн дэлбэрэлт болж 12 хүн амь насаа алдаад байна. Багдад хотоос 65 км-ийн зайд орших Фаллужа хотод амиа золиослогч этгээд цагдаагийн хэсэг дээр бөмбөг дэлбэлж таван хүний аминд хүрсний дотор өндөр тушаалын нэг офицер байна. Багдад хотод автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч гурван хүн амь үрэгджээ. Мөн Иракийн нийслэлээс хойд зүгт 180 км-т явж байсан цагдаагийн цуваанд халдаж дөрвөн цагдаагийн аминд хүрчээ.

Б.Обама Гуантанамогийн шоронг хаахыг хүсч байна

Гуантанамо дахь Америкийн цэргийн баазын шоронд өлслгөлөг зарласан хоригдлуудыг хүчээр хооллож байгааг НҮБ шүүмжиллээ. Эдүгээ тус шоронд 166 хоригдол байгаагаас 100 нь өлсгөлөн зарлаад байна. Тэдний заримыг нь хүчээр хооллож байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамогийн шоронг үр өгөөж багатай, улс орны нэр хүндэд сөргөөг нөлөөлж байна хэмээн үзэж хаах бодолтой байгаагаа дахин мэдэгджээ. Тэрээр 2009 онд уг шоронг хаах талаар мэдэгдэж байсан ч Конгресс үүнийг эсэргүүцсэнээр шорон хаагдсангүй өнөөг хүртэл ажилласаар байна.

Хойд Солонгост америк эр 15 жилийн ял сонслоо

Солонгос гаралтай Америкийн иргэн Кеннет Бэй Хойд Солонгосын шүүхээс 15 жил засан хүмүүжүүлэх ажил хийх ял сонслоо. Түүнийг Пхеньяны дэглэмийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэхээс өөр дэлгэрэнгүй зүйл мэдээлсэнгүй. 44 настай Кеннет Бэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хойд Солонгост жуулчилж явахдаа баривчлагдсан юм.
Хойд Солонгост шийтгүүлсэн америк иргэд ял сонссоноос хэдэн сарын дараа суллагддаг болоод байгаа юм. АНУ-ын экс Ерөнхийлөгч Жимми Картер, Билл Клинтон нар Пхеньянд очиж Хойд Солонгосын удирдлагатай уулзсаны дараа шийтгүүлсэн иргэдээ суллаж байсан юм.

Тайваньд барби-кафе нээгдлээ

Тайванийн нийслэл Тайбэй хотод барби-кафе нээгджээ. Энэхүү ягаан өнгөөр гял цал болсон кафед бэлхүүсэвчтэй даашинз мэт сандал дээр сууж, хүүхэлдэйгээр тоглож, барби бялууг идэж болно. Богино ягаан банзалтай хүүхэлдэй мэт зөөгч нар танд үйлчилнэ. Барби кафе хүүхдүүдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Учир нь хүүхдүүд тэнд хоол идээд зогсохгүй кафег чимж байгаа жинхэнэ барби хүүхэлдэйнүүдээр тоглож болох юм. Барби-кафений нэрийн зоог нь “Даашинзтай барби” бялуу юм.




АНУ Сирийг агаар, тэнгисээс бөмбөгдөхөд бэлэн

АНУ Сирийг химийн зэвсэг хадгалж байна хэмээн үзэж, тус улсыг агаараас бөмбөгдөхөд бэлэн байна. Мөн америкууд тэнгисээс пуужин харваж Сирийн газар нутаг дээрх багууламжид цохилт өгөх боломжийг судалж байгаа аж. Пентагон Сирид цэргийн довтолгоо хийх боломжийг эрэлхийлж байна. Химийн зэвсэг хадгалагдаж буй байгууламжид агаараас, эсвэл тэнгисээс пуужингаар довтлох хувилбарыг түлхүү ярьж байгаа юм. АНУ-ын цэргийн удирдлага энэ асуудлыг нухацтай хэлэлцэж эхэлснийг Вашингтоны засаг захиргааны нэрээ хэлэхийг хүсээгүй өндөр албан тушаалтан хэвлэлд мэдээлсэн юм.
Сири дахь нөхцөл байдал өдөр ирэх бүр хурцдаж, Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл цацагдсан нь Цагаан ордныг болзошгүй ямар ч нөхцөл байдалд бэлэн байхыг шаардсан хэрэг боллоо хэмээн дээрх эх сурвалж ярьжээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама одоогоор цэргийн дайралт хийх төлөвлөгөөг ширээн дээрээ авчирч тавихыг шаардаагүй байна. Үүний зэрэгцээ, Израиль улс Турк, Иордантай хамтран Сирийн аюул заналхийллийг хэлэлцэж, Асадын дэглэм өөрт байгаа үй олноор хөнөөх химийн зэвсгээ хэрэглэсэн тохиолдолд яаж хариу арга хэмжээ авах талаар ярилцсан аж.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри дөрөвдүгээр сарын 27-нд Конгрессын хаалттай хуралдаан дээр “Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээлэл батлагдвал АНУ Сирид нисэхийг хориглосон бүсийг тогтоох, эсвэл Сирийн сөрөг хүчинд зэр зэвсэг нийлүүлж болно” хэмээн мэдэгдсэн билээ.
Харин Дамаскийн эрх баригчид “Идлиб мужийн Саракеб хотод террористууд үл мэдэгдэх химийн бодисыг хотын иргэдийн эсрэг хэрэглэчихээд дараа нь Засгийн газрын цэрэг рүү буруугаа чихсэн” хэмээн мэдэгдсэн юм. Сөрөг хүчнийхэн Саракеб хотын иргэдийг хотын өмнөд хаалганы дэргэд цуглуулж байгаад үл мэдэгдэх нунтгаар ариутгасны дараа хүмүүсийн амьсгаа нь боогдож, шөрмөс нь татаж байсан хэмээн Сирийн Засгийн төлөөлөгч баталж байна. Хордсон хүмүүсийг Туркийн газар нутаг дээр байдаг эмнэлэгт хүргэж, Засгийн газрын цэргүүдийг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгах арга зам хайж байна хэмээн Башар Асадын дэглэмийнхэн үзэж байгаа аж.
Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар Барак Обама, Владимир Путин нар утсаар хэлэлцсэн юм. Америкийн тагнуулын албаны олж авсан мэдээллээр, Сирийн эрх баригчид химийн зэсвгийг “бага хэмжээгээр” хэрэглэсэн бололтой. АНУ-ын лидер энэ мэдээллийг сайтар шалгана гэдгээ амлав. Харин Сирийн тал АНУ-ын буруутгалыг эрс няцааж, Оросын мэргэжилтнүүдийг урьж гуравдугаар сарын 19-нд сөрөг хүчнийхэн Алеппо хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх явдлыг шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Арын нүүрний мэдээ шүү...................!!!!!!!!!!!!!!!!!!!!!




Мэлхийг гэрлүүлэхээр бороо ордог уу

Мэлхийг гэрлүүлэх ёслол Энэтхэгийн зүүн хойд нутагт болжээ. Хуримын ёслолд олон арван зочин ирж, ёс журмыг сайтар мөрдөж, дуу, бүжиг болон хөгжилдөв. Ган гачигт нэрвэгдсээр байгаа Энэтхэгийн тариачид жил бүрийн энэ өдөр ган тайлахын тулд мэлхий барьж гэрлүүлэх ёслол хийдэг. Тэд олон жилийн турш энэ уламжлалаа давтсаар байгаа ч ган гачиг арилсангүй. Харин Монголд бол “Мэлхий албал бороо орно гэдэг” билээ. Энэ ёслолдоо өөр амьтан сонгох болсон юм биш үү хэмээн зарим хүн унтууцах болжээ. Гэвч энэтхэгүүд мэлхийг хуримлуулбал ган гачиг тайлдаг гэдэгт итгэсээр.