Monday, April 8, 2013


Алтан цэцэг 1.7 сая долларын үнэтэй

Gold Expo үзэсгэлэн Токиод нээгджээ. Үзэсгэлэнд тавьсан эд зүйлсийн нийт үнэлгээ 130 сая доллараар үнэлэгдэж байна. Бүх үзмэрийг цэвэр алтаар хийжээ. Япон цайны өрөө, янз бүрийн гоёл чимэглэл, 120 кг-ийн цул алт хүртэл байна. Үзэсгэлэнд тавигдсан эд зүйлсийг худалдан авах боломжтой.
30 гр жинтэй лууг 10 мянга, цайны аягыг 75 мянга, алтан утсаар оёсон хуримын кимоног 500 мянган доллараар авч болно. Харин энэхүү 4.3 кг жинтэй алтан цэцгийг 1.7 сая доллараар үнэлжээ.

Францын иргэн барьцаанаас зугтаж чаджээ

2012 оны арваннэгдүгээр сард Афганистанд хулгайлагдаад байсан Францын 29 настай гэрэл зурагчин Пьер Борги зугтаж чаджээ. Тэрээр тагтай нүхэнд хоригдож байсан ч бие даан зугтаж чадсан хэмээн Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ. П.Борги уржигдар Вардак муж дахь Засгийн газрын цэргүүдийн хяналтад байдаг шалган нэвтрүүлэх цэг дээр очсон байна. Дараагийн өдөр нь түүнийг нийслэл Кабул хотод авчирч Францын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ. Пьер Борги арваннэгдүгээр сарын 28-нд Кабул хотод зэвсэгтэй дөрвөн этгээдэд хулгайлагдсан юм. Афганы эрх баригчдын үзэж буйгаар, түүнийг гэмт бүлэглэлийн гишүүд хулгайлж, дараа нь “Талибан” хөдөлгөөнийхэнд зарсан ажээ.

Персийн буланд томоохон хээрийн сургууль болно

АНУ болон түүний холбоотнууд тавдугаар сард Персийн буланд томоохон хээрийн сургуулт хийхээр бэлтгэж байна. Тавдугаар сарын 6-30-нд Бахрейний тэнгист 30 орчим улс орны цэрэг, техник цуглаж далай, тэнгисийн ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах сургуулилт хийх ажээ. Тухайлбал, худалдааны болон нефтийн хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах, нефтийн боомтуудыг халдлагаас хамгаалах, далайн миныг цэвэрлэх зэрэг сургуулилтад гол анхаарлаа хандуулах юм. Мина цэвэрлэгч завь, цэргийн хөлөг онгоц, жолоочгүй хурдан завьнууд Персийн булангийн хээрийн сургуульд оролцох ажээ.

Кэсон цогцолбор ажлаа зогсоолоо

Хойд Солонгос дахь үйлдвэрлэлийн чөлөөт бүс Кэсон үйл ажиллагаагаа зогсоожээ. Пхеньян урьдчилан мэдэгдэж байсанчлан Хойд Солонгосын ажилчид өчигдөр ажилдаа ирсэнгүй. Өмнөд Солонгос болон АНУ-тай харилцаа муудсаны улмаас ийм алхам хийсэн бололтой.
Өмнөд болон Хойд Солонгосын эдийн засгийн цорын ганц хамтарсан төсөл нь Кэсоны үйлдвэрлэлийн бүс юм. Уг чөлөөт бүсийг 2004 онд нээсэн бөгөөд тэнд Өмнөд Солонгосын 123 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Өмнөд Солонгосын 850, Хойд Солонгосын 54 мянган иргэн Кэсон бүсэд ажилладаг ажээ.

Сири НҮБ-ын шинжээчдийг хүлээж авсангүй

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгахаар ирсэн НҮБ-ын шинжээчдийг Сирийн эрх баригчид нутагтаа оруулахаас татгалзжээ. Дамаскийн тал гуравдугаар сарын 19-нд Алеппо хотод болсон хэрэг явдлыг шалгахыг хүссэн ч НҮБ-ын мэргэжилтнүүд улс орон даяар шалгалт явуулахыг хүссэн нь ийнхүү эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Алеппо хотод сөрөг хүчний дайчид химийн зэвсэг хэрэглэж 25 хүний аминд хүрсэн хэмээн мэдэгдэж байна. Харин химийн зэвсгийг Засгийн газрын хүчин хэрэглэсэн хэмээн босогчид мэдэгдэж байгаа юм.

Тулаанд 130 хүний амь үрэгдэв

Пакистаны баруун хойд хэсгийн Тирах хөндийд болсон тулалдаанд 100 орчим босогч, Засгийн газрын 30 цэрэг амь үрэгдлээ хэмээн Исламабадын албаны төлөөлөгч мэдэгдэв. Талибуудын мэдэлд ороод байсан энэ нутагт Засгийн газрын хүчин хяналтаа тогтоолоо хэмээн орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Ширүүн тулааны улмаас Тирах хөндийд амьдардаг 40 мянган иргэн орон гэрээ орхин дүрвэжээ.

АНУ-д эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авсаар байна

АНУ-д эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авсаар байгааг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Үндэсний төвийн судалгаа харуулав. Америк эмэгтэйчүүд эрчүүдээсээ 25 хувиар бага цалин авч байна. Африк, латинамерик гаралтай эмэгтэйчүүдийн цалин бүр их ялгаатай байгаа аж. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Үндэсний төв АНУ-д адил тэгш цалингийн хууль батлагдсаны 50 жилийн ойд зориулж дээрх судалгааг хийжээ. Нийгмийн бодлогод өөрчлөлт хийхийг ту төв Засгийн газарт хандан уриаллаа.


 



Сирийн Ерөнхийлөгч Башар Асад: Сирийн хувь заяаг өөр ямар ч улс орон шийдэх эрхгүй.

Туркийн “Ulusal” телевиз Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзаж ярилцжээ.

-Ноён Ерөнхийлөгч, Таныг алуулсан, эсвэл улс орноо орхин гарсан гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Та амьд, Сирид байгаа гэдэг баталгааг өгч чадах уу?

-Та намайг харж байгаа биз дээ. Би энд, газар нутаг дээрээ байна. Би газар доорх оромжид нуугдаагүй. Сирийн ард түмний хүсэл, зоригийг мохоох гэж л ийм цуу яриа тарааж байгаа юм. Би Оросын цэргийн хөлөг онгоцонд, эсвэл Иранд амьдраагүй. Би Сирид, үргэлж амьдарсаар ирсэн газар нутаг дээрээ л амьдарч байна.

-Арабын нэгдлийн орнуудын сүүлчийн хуралдаан дээр танай орны суудлыг хасч сөрөг хүчнийхэнд өгчихлөө. Тэнд Сирийн хууль ёсны байдлыг нээлттэй хэлэлцлээ. Таныг хууль бус хэмээн үзэж сөрөг хүчнийг хууль ёсны гэж үзэж байх шиг байна?

-Арабын нэгдэл өөрөө хууль ёсны биш гэдгийг хэлчихье. Арабын орнуудыг төлөөлдөг энэ байгууллага арабын ард түмнийг төлөөлөхөө больчихсон. Арабын ард түмний хүсэл сонирхлыг тусгалгүй, холбирсон байр суурь баримталсаар хууль ёсны байдал нь байхгүй болчихсон. Тиймээс Арабын нэгдэл хэн нэгний хууль ёсны байдлыг үгүй хийж, нөгөө нэгд нь өгч байх чадваргүй болчихсон.

-Сирид сүүлийн хоёр жил зэвсэгт мөргөлдөөн өрнөж байна. АНУ, Франц, Турк болон Персийн булангийн хэд хэдэн орон сөрөг хүчнийг дэмжиж, таныг огцрох ёстой хэмээн мэдэгдэж байна. Та огцорч, эсвэл хэн нэгэнд эрх мэдлээ шилжүүлж өгөх тухай бодож байна уу?

-Гадаадын ямар нэг улс орон миний эсрэг дуугарахад санаа зовоод байх юм алга. Би бол Сирийн ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч хэзээ албандаа орж, хэзээ албаа орхихыг зөвхөн сири хүмүүс л шийднэ. Тэрнээс намайг огцрохыг шаардаж байгаа гадаадын орнууд үүнийг шийдэхгүй. Эдгээр орнууд үнэхээр Сирид ардчилал бий болгохыг сонирхоод байна уу? Үнэхээр Сирийн ард түмний урсгаж буй цусанд санаа зовоод байна уу? Илэн далангүй байя. АНУ-аас эхэлье. Манай бүс нутагт Израиль улс хэрхэн гэмт хэрэг үйлдэж байгааг тэд дэмжсээр ирсэн. Америкууд Афганистан, Иракт олон мянган хүнийг алж, шархдуулж, шоронд хийсэн. Франц, Их Британи хоёр АНУ-аар дэмжүүлж, халхалж Ливид олон хүнийг хөнөөсөн. Эдүгээ Туркийн Засгийн газар Сирид цус асгарахыг дэмжээд сууж байна. Эдгээр улсууд Сирийн ард түмний хувь заяанд санаа зовж байна гэж бодож байна уу? Сирийн Ерөнхийлөгчийн хувь заяаг өөр ямар ч улс орон шийдэх эрхгүй.

-Сирид болж буй мөргөлдөөнийг гаднаас дэмжиж байгаа хэмээн та хэлж байна. Гэвч биднийг Дамаскт байхад дэлбэрэлт, буудалт сонсогдож л байна. Яагаад энэ бүхэн Сирид болж байна вэ?

-Терроризмд тусладаг улс орнуудын хүрээлэлд бид амьдарч байна. Мэдээж бүх улс орон санаатайгаар үүнийг хийгээгүй. Ирак байна. Террористууд Сирид нэвтрэхийг тэд эсэргүүцдэг ч тодорхой шалтгааны улмаас тэд хилээ бүрэн хянаж чадахгүй л байна. Сирид террористуудыг илгээхийг дэмждэг хүчин Ливанд байна. Эсэргүүцдэг нь ч байна. Турк бол эдгээр террористуудыг хаацайлж, Сири рүү илгээдэг. Мөн Иорданаар дамжин орж ирж байна. Хэдэн мянгаараа орж ирсээр байгаа эдгээр террористуудтай бид тэмцсээр байх болно.


Охиноо хөлдөөсөн эмэгтэй 50 жилийн ял сонслоо

2004 онд Иллинойс мужид охиноо хөдөөний зам дээр орхиж хөлдөөж алсан 32 настай Кэти Стоктон шүүхээс 50 жилийн ял сонслоо. Стоктон 2004 оны арванхоёрдугаар сард охин төрүүлсэн ч охиноосоо салахыг хүссэн аж. Зам дээр хаясан хүүхдийг тэрээр миний хүүхэд биш хэмээн мэдүүлж байсан ч ДНК-ийн шинжилгээгээр түүнийх болохыг тогтоосон юм. Эмэгтэй ой хүрээгүй хүүхдээ хөдөө зам дээр орхин явсны улмаас хүүхэд нь осгож нас барсан байжээ.




“Супермений цамхаг” эдийн засгийн хямралд нэрвэгдэв

АНУ-ын Род-Айленд мужийн нийслэл Провиденс хот дахь “Супермений цамхаг” хэмээн алдаршсан барилга эдийн засгийн хямралын улмаас түрээслэх хүнгүй болж хоосрох дээрээ хүрээд байна. 1927 онд баригдсан Эмпайр-стейт-билдинг Род-Айленд барилгыг Bank of America тэр чигээр нь түрээсэлж байсан юм. Гэвч сүүлийн үед тус барилгын нийт талбайн дөнгөж 20 хувийг ашиглаж байсан эл банк өөр барилга руу нүүн шилжихээр болжээ.  Эмпайр-стейт-билдинг Род-Айленд барилгыг түрээслэх шинэ эзэд олдоогүй аж.
Род-Айленд муж ажилгүйдлээрээ АНУ-д дээгүүрт орж байна. Хоёрудгаар сард тус мужид ажилгүйдэл 9.4 хувь байв. “Супермений цамхаг”-ийг эзэмшигч High Rock Development компани уг барилгад их засвар хийж, 290 айлын орон сууц болгохоор төлөвлөсөн ч хөрөнгө мөнгөн дээр нь гацжээ. 



“Коза Ностра”-гийн 37 гишүүнийг баривчилжээ

Италийн цагдаа Сицилийн нөлөө бүхий “Коза Ностра” мафийн эсрэг өргөн хүрээтэй ажиллагаа явуулж 37 гишүүнийг нь баривчиллаа. Тэдний дотор Палермо мужийн Монтелепре хотын дарга байгаа аж. Тусгай ажиллагаанд 300 орчим цагдаа, хоёр нисдэг тэрэг оролцсон байна. Монтелепре хотын дарга Жакомо Тинервиа авлига авсан, мөнгө угаасан хэргээр буруутгагдлаа. Тэрээр орон нутгийн мафийн толгойлогч Жузеппе Ломбардотой нягт холбоотой нэгэн байжээ.

Sunday, April 7, 2013


Энийг арын нүүрт шүү..............


Адель гэрлэхээр шийджээ

Н.Мөнхжин

Британийн дуучин Адель, түүний дурлалт залуу Саймон Конеки нар гэрлэхээр шийджээ. Тэд хуримандаа бэлдэж эхэлснийг хосод ойр эх сурвалж мэдээлсэн байна. Зөвхөн төрөл төрөгсөд, дотны найз нар нь хүрэлцэн ирэх гэрлэх ёслол энэ зун болно. Адель цэцэгнээс авахуулаад хуримын даашинзаа өөрөө сонгож байгаа аж. Түүний хуримын даашинзыг нэрт дизайнер Женни Пэкхэм хийж байгаа ажээ.





НАТО-гийн довтолгоонд 10 хүүхэд амиа алдлаа

НАТО-гийн цэргийн хүчин Афганистаны зүүн хэсгийн Кунар мужид агаараас довтолгоо хийх үеэр 12 энгийн иргэн амиа алдсаны 10 нь хүүхэд байна. Орон нутгийн эрх баригчид болон гэрчүүд энэ мэдээллийг нотолж байгаа юм. Зургаан хүн шархадсан байна. НАТО-гийн удирдагчид агаарын довтолгооны үеэр энгийн иргэд амь насаа алдсаныг хүлээн зөвшөөрчээ.

Дахин цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна

Хойд Солонгос шинэ цөмийн туршилтад бэлтгэж байна хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлэв. Тэдний үзэж буйгаар, ойрын өдрүүдэд газар дор цөмийн дэлбэрэлт болох бололтой. Үүнээс гадна, энэ долоо хоногийн дундуур Пхеньян дунд тусгалын пуужин харваж магадгүй байна.
Саяхан Хойд Солонгосын эрх баригчид өмнөд хөрштэйгээ дайны цагийн байдалд шилжсэнээ зарлаж, өдөөн хатгалгад хатуу хариу барина хэмээн мэдэгдсэн билээ. Өмнөд Солонгос, АНУ хоёр хамтарсан хээрийн сургууль хийсэн нь Пхеньяны эгдүүцлийг хүргэсэн юм.

Каракаст сөрөг хүчний жагсаал болов

Венесуэлийн нийслэл Каракас хотод сөрөг хүчний томоохон жагсаал боллоо. Сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Энрике Каприлес “Улс эх орныг буруу замаар оруулсан Засгийн газраас даруй салах хэрэгтэй. Өнөөгийн эрх баригчид авлига, үзэн ядалт, муу муухайд идэгджээ” хэмээн мэдэгдэв. Олон нийтийн судалгаагаар, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро өрсөлдөгчөө 10 хувиар давамгайлж байгаа аж. Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 14-нд болно.

Хятадад шувууны ханиад газар авсаар

Хятадад H7N9 хэмээх шувууны ханиадны вирусээр халдварласан хүний тоо 21-д хүрчээ. Өчигдөр Шанхай хот, Аньхой мужид гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Аньхой мужид халдвар авсан 55 настай эрэгтэй амьд шувуу зардаг нэгэн байжээ. H7N9 вирусын халдвар анх гуравдугаар сарын сүүлчээр тус улсад илэрч зургаан хүн амь насаа алдаад байна. Шанхай хот, хөрш Зянсу муж, Чэзянь, Аньхой мужид шувууны ханиадны халдвар илрээд байгаа аж. Одоогоор шувууны ханиадны шинэ вирус хүнээс хүнд халдварласан тохиолдол илрээгүй байна.

Kia 50 мянган автомашинаа засварлана

Kia компани ОХУ-ын зах зээлээс 49 мянга 674 автомашинаа эргүүлэн татаж доголдлыг нь засахаар болжээ. Тоормоз гишгэхэд тоормозны гэрэл асахгүй байгаа, мөн тоормоз гишгээгүй байхад тоормозны гэрэл асаж байгаа доголдол илэрсэн тул ийм шийдвэр гаргажээ. Өмнөд Солонгосын компани 2007-2011 онд үйлдвэрлэсэн Soul, Sorento, Sportage, Optima, Carens, Carnival маркийн машинынхаа тоормозны гэрлийг үнэгүй засах юм. Kia компанийн АНУ-д экспортлосон  653 мянган автомашинаас мөн ийм доголдол илэрч байжээ.

Перуд Ми-8 осолджээ

Перуд Францын нефтийн Perenco компанийн ажилтнуудыг тээвэрлэж явсан Ми-8 нисдэг тэрэг осолдож 13 хүн амиа алджээ. “Helicopteros de Pacifico” компанийн Ми-8 нисдэг тэрэг Лорета мужид сүйрч, дотор нь явж байсан хүмүүс бүгд амь үрэгджээ. Нефтийн компанийн есөн ажилтан, экипажийн дөрвөн гишүүн ослын золиос болов. Нисдэг тэрэг юунаас болж сүйрсэн нь тодорхойгүй байна.

Нисэх буудлын ойролцоо 240 тн түлш асгарчээ

Гүржийн Тбилис хотын ойролцоох төмөр зам дээр дизелийн түлш ачсан хэд хэдэн вагон замаасаа гарч осолджээ. Үүний улмаас 240 тн нефтийн бүтээгдэхүүн асгараад байна. Тэндээс 200 метрийн зайд орон сууцнууд байгаа юм. “Асгарсан түлшин дээр дэлбэрэлт болох аюул байсаар байна. Ослын үр дагаварыг арилгахын тулд боломжтой бүхнийг хийж байна” хэмээн Тбилис хотын Онцгой байдлын албаны дарга Темур Гиоргазе хэллээ. 



Ким Чен Уны авга нар Хойд Солонгосыг удирддаг уу?

Хойд Солонгосын залуухан удирдагч Ким Чен Ун АНУ-тай дайтна, цөмийн зэвсгээр довтолно хэмээн сүрдүүлж байх хооронд тус улс дахь эрх мэдлийн утсыг түүний авга нар болох Кеон Хуй, түүний нөхөр Ян Сон Таек нар хөдөлгөж байдаг хэмээн шуугих болов. Ким Чен Ир 2011 онд нас барахаасаа өмнө хүүгээ эрх мэдэлд бэхжихэд нь туслаарай гэж эгч Кеон Хуй болон түүний нөхрийг сонгон томилсон гэдэг. Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралдаан дээр цөмийн зэвсгээр дэлхий нийтийг сүрдүүлсэн мэдэгдэл хийж байсан Ким Чен Уны хажууд авга эгч Кеон Хуй нь сууж байсан нь санамсаргүй хэрэг биш хэмээн шинжээчид ярилцаж байна. Пхеньяны Коммунист намын дарга, генералуудын албан ёсны зурган дээр ганцхан эмэгтэй байсан нь Ким Чен Ирийн эгч Кеон ажээ. Ким Чен Ирийн хамгийн итгэлт хүмүүсийн нэг байсан Кеон Хуйгийн нөхөр нь Пхеньяны дэглэмийн хамгийн хүчирхэг байгууллага болох Батлан хамгаалах Үндэсний хорооны дэд ерөнхийлөгч байснаас гадна эдийн засгийн амин чухал дэмжлэг үзүүлдэг Хятадтай харилцах харилцааны гол хүн юм.
Хойд Солонгос улс 1948 онд байгуулагдсанаасаа хойш гэр бүлийн улс (династи) байсаар ирсэн. Ким Чен Ирийн авга нарын хамгийн чухал ажил нь үе залгамжилсан династийг хамгаалж, цэргийн их хүчтэй гүрэн болгон харагдуулах, Засгийн газрын аппарат доторх шүүмжлэл, урвалтыг хянах явдал юм. 1946 онд төрсөн Кеон Хуй дөрвөн аравны турш Хойд Солонгосын улс төрийн гол хүний нэг байжээ.
Ким Чен Ир нас барахад Батлан хамгаалах Үндэсний хорооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ян Сон Таек Хойд Солонгосын нэгдүгээр хүн болно хэмээн яригдаж байв. Гэвч тэрээр үргэлж коммунист дэглэмийн элит шугаман дээр байсангүй. Ян Сон Таек 1968-1972 онд Москвад сургуульд сурч ирээд тэр үеийн Ерөнхийлөгч Ким Ир Сений охинтой гэрлэжээ. Тэдний дундаас төрсөн нэг охин нь Парист сурч байсан ч франц найз залуутай болж, эх орон руугаа буцахаас татгалзсан аж. Ян Сон Таек Хөдөлмөрийн нам, үндэсний аюулгүй байдлын албанд өндөр албан тушаал хашиж байсан ч 2004 онд томоохон урвагч түшмэдийн харгайгаар банга хүртэж байсан юм. Гэвч хоёр жилийн дараа Ким Чен Ир Хятадад айлчлахад бүрэлдэхүүнд нь багтаж, түүний залгамжлагч хэмээн үзэгдэх хүртэл итгэлийг нь олж авчээ. 2009 оны дөрөвдүгээр сард Батлан хамгаалах Үндэсний хорооны дэд ерөнхийлөгчөөр томилогдож, “Хайрт удирдагч”-ийн үхлийн дараа эрх мэдлийг шилжүүлэх ажилд тохоон томилогдсон байна.
2011 оноос эхлэн Кеон Хуй, Ян Сон Таек нар залуу удирдагч Кимийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан камерийн дуранд байнга өртөх болжээ. Тэд лидерийн ойрын хүрээлэлд дархлагдаж буйгаа ийнхүү зарлан тунхагласан юм. Авга эгч нь улс орныг захирах үйл хэрэгт оролцолгүй “чөлөөтэй байх” үеэрээ Пхеньянд цор ганц байдаг “Татсан мах, талх”-ны рестораны ажлыг чиглүүлсэн шиг суудаг аж. АНУ-ыг дуурайж байна гэж хэлүүлэхгүйн тулд гамбургерийн рестораныг ийнхүү өөрөөр нэрлэсэн байна. Харин энэ зоогийн газраар Пхеньяны элит ангийнхан л үйлчлүүлдэг бололтой.
Энэхүү эрх мэдлийн тойрогт Чо Рин Хае хэмээх бас нэг гишүүн бий. Хэд хэдэн ахмад генералыг хөөн зайлуулсны дараа түүнийг зэвсэгт хүчний тэргүүнээр томилсон юм. Кеон Хуй, Ян Сон Таек, Чо Рин Хае гурав залуу Ким Чен Уныг хүчтэй, олон улсад нөлөөтэй лидер болгох зорилго тавин зүтгэж байна.

“Аbc.es”