Saturday, April 6, 2013






АНУ пуужингийн туршилтаа хойшлуулжээ

АНУ дөрөвдүгээр сарын эхний арав хоногт хийхээр төлөвлөөд байсан тив хоорондын Minuteman баллистик пуужингийн туршилтаа хойшлуулах шийдвэр гаргалаа. Туршилтыг Хойд Солонгосын тал өдөөн хатгалга хэмээн үзэж, улмаар Солонгосын хойгийн байдал улам хурцдахаас сэргийлэхийн тулд ийм алхам хийжээ.  Minuteman пуужинг Калифорни дахь АНУ-ын Агаарын хүчний баазаас хөөргөх гэж байсан юм.
2013 оны хавар Пхеньяны эрх баригчид Сөүл, Вашингтоныг заналхийлж, баллистик пуужингийн туршилтад бэлтгэж эхэлснээс хойш Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаад байгаа билээ.

Афганистанд АНУ-ын иргэд амь үрэгджээ

Афганистанд дөрөвдүгээр сарын 6-нд АНУ-ын таван иргэн амь насаа алдлаа. Тэдний дотор дипломат албаны эмэгтэй ажилтан байгаа аж. Өмнөд хэсгийн Забул мужид гурван америк цэрэг, нэг эмэгтэй дипломатчийг автомашинд явж байхад дэлбэрэх бодистой автомашин мөргөн дэлбэлж амь насанд нь хүрчээ. Хэд хоногийн өмнө тус улсад зочилсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри халдлагад өртсөн эмэгтэй дипломатчтай уулзаж байжээ. Тэд Забул мужийн нэгэн сургуульд ном хүргэж өгөх гэж яваад ийнхүү амиа алдсан байна. Энэ өдөр Афганы өөр нэг хотод АНУ-ын нэг иргэн довтолгоонд өртөн амь үрэгджээ.

Сирид хулгайлагдсан сэтгүүлчид суллагдана

Сирид хулгайлагдаад байсан Италийн дөрвөн сэтгүүлч бүгд амьд, мөдхөн суллагдана хэмээн ANSA агентлаг уламжлав. Барьцаалагдсан сэтгүүлчид нь Италийн RAI телевизийнх бөгөөд суллагдсаныхаа дараа Туркт хүргэгдэх ажээ.
Италийн телевизийн сэтгүүлчид баримтат кино хийхээр дөрөвдүгээр сарын 1-нд Сирид очсон байна. Гэвч лалын босогчдод барьцаалагдан Сирийн хойд хэсгийн Идлиб тосгонд хүргэгдээд байжээ.

“Шулам”-ыг доромжилсон хүмүүсийг шийтгэнэ

Балбад настай эмэгтэйг шулам хэмээн үзэж, дайрч доромжилсон этгээдүүдийг шүүхээр шийтгэхээр болжээ. Баруун хэсгийн алслагдсан нэгэн тосгонд хэсэг хүмүүс 60 настай эмэгтэйг нүцгэлж, үсийг нь хусан, ялгадас идүүлэн, зоджээ. Тосгоны зөвлөл уг эмэгтэйг үхэл, зовлонг зөгнөдөг шулам хэмээн нэрлэсний дараа энэ явдал болсон байна. Балбын эрх баригчид энэ хэргийг шалгуулахаар тосгон руу тусгай төлөөлөгчдийг илгээлээ.
Тус улсын хөдөө тосгодод ийм хэрэг цөөнгүй гардаг. Өнгөрсөн онд нэгэн тосгонд мөн л шулам хэмээн үзсэн 40 настай эмэгтэйг амьдаар нь шатаажээ. Энэ хэрэгт найман хүнийг шийтгэсэн юм.

Тунгалаг амьдрал

Токио хотын нэгэн залуу хос тунгалаг шилэн ханатай байшинд амьдрахаар шийджээ. “Үзүүлэн” болох дуртай хосод зориулж нэгэн барилгын компани төсөл боловсруулж, 85 метр кв талбайтай шилэн орон сууц барьж өгчээ. Онцгой технологийн ачаар эхнэр, нөхөр хоёр гэрийнхээ хаана ч байсан хоорондоо ярилцаж болно. Тэд өдрөөр ард түмний нүдэн дээр ил, тунгалаг амьдардаг ч шөнөөр аварга ханан цонхнуудаа хөшгөөр хаадаг ажээ.





Япон эмэгтэй хүүхэд, ажил хоёрын нэгийг нь сонгох хэрэгтэй болдог

Япон эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү их сургуулийн диплом өвөртлөх сонирхолтой байдаг. Ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд арван жилийн өмнөхөөс эрс нэмэгджээ. Гэвч эхчүүд олон шалтгааны улмаас сайн ажил олж авахад хүндрэл учирсаар байна.
Нобуко Ито бүсгүй мэргэшсэн өмгөөлөгч, англиар цэвэрхэн ярина. Олон улсын гэрээний эрх зүйгээр нэлээд хэдэн жил ажиллажээ. Гэвч Нобуко одоо мэргэжлээрээ ажиллахаа больсон юм. Харин үүний оронд гурван хүүхэд төрүүлэн өсгөж байна. Японд ажил хийх, хүүхэдтэй болохыг зэрэг хийх тун хэцүү аж. “Хүүхэдтэй болохоосоо өмнө нэг сарын турш галзуу юм шиг ажилласнаа санаж байна. Өглөө 09.00-д ажил эхлээд шөнийн 03.00-т дуусдаг байлаа. Дээр нь хагас, бүтэн сайнд ажилладаг байлаа” хэмээн Нобуко өгүүлж байна. “Ажил хийе гэж байгаа бол хүүхдийг мартаж, ажилдаа хамаг цаг заваа зарцуулах хэрэгтэй болно. Би үүнийг хийж чадахгүй, боломжгүй” хэмээн тэрээр нэмж хэллээ. Япон дахь ажлын соёл, уламжлал ямар харгис болохыг Нобукогийн жишээ харуулж байна. Япон эмэгтэйчүүдийн 70 хувь нь нэг хүүхэдтэй болов уу үгүй юу ажлаа орхидог ажээ.
Ажлаа орхих бас нэг шалтгаан нь нөхөр нь байдаг аж. Гэрийн ажилд туслах тал дээр япон эрчүүд Европ, АНУ-ын гэрийн эздээс хол хоцордог байна. Швед, Герман, Америкт нөхрүүд өдөрт дунджаар гурван цагийг хүүхэд харах болон гэрийн ажилд зарцуулдаг бол, япон нөхрүүд гэрийн ажилд нэг цаг, хүүхэд харахад 15 минутыг л зарцуулдаг аж.
Шинэхэн япон эцгүүд хүүхдээ харах цалинтай чөлөө авах эрхтэй байдаг. Гэвч япон эцгүүдийн дөнгөж 2.6 хувь нь энэ чөлөөг авдаг болохыг Эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны яамны тоо баримт харуулж байна. “Манай нөхөр эцэг болсныхоо чөлөөг аваагүй. Ер нь япон эрчүүд энэ эрхийг хэрэглэхдээ их хойрго. Гэртээ үлдэж эхнэр, хүүхэддээ туслахыг хүсдэг л байх, гэхдээ карьер ахих, эсвэл ажлаа алдахгүйн тулд завсар зайгүй ажиллах хэрэгтэй гэсэн бодол нь давамгайлдаг” хэмээн Нобуко Ито ярилаа. Олон япон эмэгтэй хүүхэдтэй болсныхоо дараа ажиллахыг хүсдэг ч хүүхдийг хэн харах вэ гэдэг том ажил байдаг. Токиод гэхэд л 20 мянган хүүхэд өдрийн цэцэрлэгт “орон тоо” гарахыг хүлээж байна. Улсын цэцэрлэг их цөөхөн. Олдсон ч үнэтэй. “Улсын цэцэрлэгт хүүхдээ явуулахад сард 1000 доллар төлдөг. Хувийн цэцэрлэг бол бүр 2000” хэмээн Нобуко хэлж байна.
Япон-америк эдийн засагч эмэгтэй Кэти Мацуй “Womenomics: Японы нууц хүч” хэмээх судалгааны ажил хийсэн юм. Япон эхчүүдийн ажлын байрыг нь хадгалах, эсвэл тэднийг дахин ажил хийлгэх нь Японы нэн тэргүүний зорилтуудын нэг байх ёстой хэмээн тэрээр хэлж байна. Ингэж чадвал Японы дотоодын нийт бүтээгдэхүүн 15 хувиар өснө хэмээн үзжээ. Бас нэг гажиг байгаа нь Японд гэрийн тэжээвэр амьтдын тоо хүүхдийн тооноос давж гарчээ. Тус улсад нэг эмэгтэйд 1.7 төрөлт ногдож байгаа нь маш доогуур үзүүлэлт. Хүн амын өсөлт тогтвортой байхын тулд энэ үзүүлэлт 2.1 байх ёстой аж. Төрсөн эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалснаар төрөлтийн хувь нэмэгддэгийг Европ, Америкийн жишээ харуулж байна.
Швед, Дани, Америкт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт өндөр байдгийн хэрээр төрөлтийн хувь ч өндөр байдаг аж. Эмэгтэйчүдийн хөдөлмөр эрхлэлт бага байдаг Итали, Өмнөд Солонгос, Японд төрөлт бага байдаг. Японд хүн ам зүйн хямрал нүүрлэсэн нь тодорхой байна. 2006 оноос хойш тус улсын хүн амын өсөлт зогсчээ. Өнөөгийн чиг хандлага үргэлжилсээр байвал Япон улс дараагийн хагас зуунд хүн амынхаа гуравны нэгийг алдана.


.......... Энийг гол материалынхаа дунд цонхлоод өгөөрэй........................

-Японд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 60 хувьтай байдаг. Норвегид 75, АНУ-д 66, Германд 64 хувь байдаг.
-Япон  эмэгтэйчүүдийн 70 хувь нь хүүхэдтэй болоод ажлаа орхидог. АНУ-д энэ үзүүлэлт 32 хувьтай байна.
-Японд зургаагаас доош насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн 34 хувь нь ажил хийдэг. Энэ үзүүлэлт Шведэд 64, АНУ-д 61, Их Британид, 55, Шведэд 53 хувьтай байна.

Wednesday, April 3, 2013





Японы электроникийн гигантуудад юу тохиолдов?

Японы электроникийн аварга компаниуд болох Sony, Panasonic, Sharp дэлхийд ноёрхож байсан цаг саяхан. Эдгээр нэрийг бүгд мэддэг байлаа. Гэвч өнөөдөр эдгээр үйлдвэр гүнзгий хямралд орж, жил бүр хэдэн тэрбум долларын алдагдалд орж байна. Японы хүчирхэг компаниуд яагаад ийнхүү уналтад оров оо.
Тус улсын электроникийн үйлдвэрлэлд юу болсон талаар төсөөлөлтэй болохыг хүсвэл Токиогийн метрогоор нэг зорчиход л хангалттай. Нийслэл хотын газар доорх тээвэр өнөөдөр гар утасны 3G сүлжээтэй болжээ. Японд нийтийн тээвэрт гар утсаар ярихыг хориглодог. Тиймээс зорчигчид бараг бүгдээрээ гар утсаараа зурвас илгээсэн шиг явах аж.
Япон иргэдийн бараг 80 хувь нь Apple компанийн iPhone-ийг хэрэглэж байна. Зарим хүн Sony Walkman сонсож явах ч Apple, Samsung-ийн бүтээгдэхүүн элбэг харагдана. Sony компани 2008 оноос хойш анх удаа энэ онд багахан хэмжээний ашигтай ажиллажээ. Panasonic (өмнө нь Matsushita гэдэг нэртэй байсан) есөн тэрбум долларын алдагдал хүлээх нь тодорхой болоод байна. Нөгөө хоёртой нь харьцуулахад харьцангүй жижиг Sharp асар их алдагдалд орсон хэвээр байгаа бөгөөд дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй бол дахин нэг жил ч тэсч чадахааргүй болжээ.
Токиод ажилладаг эдийн засагч Герхард Фасолийн үзэж буйгаар, Японы аварга компаниуд дижитал технологийн хувьсгалын улмаас ийнхүү хүнд цохилт амсч байгаа аж. Дээрх компаниуд өнгөт зурагт, радио, кассет тоглуулагч, хөргөгч, угаалгын машин зэрэг электроникийн нарийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ эзэнт улсаа байгуулж байсан. Эдгээр тоног төхөөрөмж нь электроник эд ангиас бүрдэж байсан ч үндсэндээ механик эд ангитай байсан билээ. Гэтэл дижитал технологийн хувьсгал гарч, дэлхийг өөрчилж орхижээ. “Sony Walkman нь жинхэнэ сонгодог жишээ. Түүнд ямар ч компьютерийн программ (software) байхгүй, цэвэр механик төхөөрөмж. Харин өнөөдөр software-тэй загварыг л сонирхдог болж” хэмээн Герхард өгүүлж байна. Японы пүүс, компаниуд өнөөдөр зардал, өртөг багатай орнуудыг сонгон үйлдвэрлэлээ явуулах болжээ. Эс бөгөөс ашиг гэж бараг гарахгүй байгаа аж. Apple компанийг харахад л хангалттай. iPod, iPhone-ийг Хятадад үйлдвэрлэж байгаа ба эдгээр бүтээгдэхүүн компанийн нийт ашгийн 50 хувийг өгдөг байна. Гэвч нэг iPhone-ийн үнэлгээний дөнгөж гурван хувь нь Хятадад үлдэж байгаа юм.
Sony, Panasonic компанийн удирдлага үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Харин Hitachi корпорацийн ерөнхийлөгч, 66 настай Хироаки Наканиши ВВС-д компанийнхаа талаар ярихыг зөвшөөрчээ. Хироаки 2010 онд 100 гаруй жилийн настай Hitachi-ийн удирдлагыг гартаа авахад санхүүгийн байдал нь хүнд болсон байлаа. Х.Наканиши алдагдалд ороод байсан салбаруудаа хааж, зарсан байна. “Дижитал технологи бүгдийг өөрчилж орхисон. Телевизийн салбарт гэхэд л, одоо өндөр чанартай, том зурагт хийхэд нэг чип л шаардагдаж байна. Өөрөөр хэлбэл зурагтыг өнөөдөр хэн ч хийж чаддаг болжээ. Солонгос, хятадууд өнөөдөр бидний урд орчихоод байна” хэмээн Хироаки өгүүлэв.
Өнөөдөр стратегиа сайн боловсруулж, зар сурталчилгаа сайн хийсэн нь бүтээгдэхүүнээ сайн борлуулдаг болсныг тэрээр онцолж байна. Наканишигийн үзэж буйгаар, Японы компаниуд энэ салбар дээр өрсөлдөх чадваргүй байгаа аж.
ХироакиНаканиши Hitachi корпорацийг гол үйлдвэрлэл буюу хүнд даацын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл рүү нь буцаан аваачих шийдвэр гаргажээ. Хий, уурын тоног төхөөрөмж, цөмийн эрчим хүчний үйлдвэр, өндөр хурдны галт тэрэгний үйлдвэрлэлийн салбарт Hitachi компани дэлхийн хэмжээнд өрлсөлдөж чадна хэмээн Наканиши үзэж байна. “Машин механизм үйлдвэрлэж зөвхөн худалдах бус, мөн инженерчлэл, угсралт, төлөвлөлт, зарим тохиолдолд тэр төслөө санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ цогц үйлчилгээ нь манай хамгийн чухал давуу тал юм” хэмээн тэрээр онцоллоо. Хироаки Наканишигийн стратеги үр дүнгээ өгч эхэлжээ. Hitachi-ийн галт тэрэгнүүд өнөөдөр Их Британийн хот хоорондын өндөр хурдны галт тэрэгний паркийг шинэчлэхээр болоод байгаа аж.
Sony компанийн байдал харьцангуй сайн байгаа бол Panasonic, Sharp-ийнх сайнгүй байна. “Японы компаниуд 60, 70-аад оны үе шиг АНУ-ын компаниудаас суралцах хэрэгтэй байна. Cisco, Oracle зэрэг Silicon Valley-д ажиллаж байгаа компаниуд тун амжиллтай ажиллаж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Япон бол Швейцарь, Англи шиг сайн тархины эх орон. Тэдэнд боловсролын өндөр түвшин, сайн инженерчлэл бий. Үүнийг машин техникийн үйлдвэрлэл, software-д ч ашиглаж болно. Гэвч software Японд хаягдчихсан” хэмээн эдийн засагч Герхард ярилаа.

Monday, April 1, 2013







Бирмд сургуульд гал гарчээ

Бирмийн нийслэл Рангун хотын лалын сургуульд гал гарч хүүхэд голдуу 13 хүн амиа алдлаа хэмээн хотын цагдаагийн газраас мэдээлэв. Юунаас болж гал гарсныг шалгаж байна. Гал шөнө гарсөн бөгөөд энэ үеэр сургууль дээр 70 орчим хүн хонож байжээ. Бирм дахь будда, лал шашинтнуудын хооронд мөргөлдөөн дэгдэж 43 хүн амь үрэгдээд байгаа билээ.

Ж.Кеннедийн охиныг Японд суух элчин сайдаар томилов

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедийн охин Каролин Кеннеди АНУ-аас Японд суух элчин сайдаар томилогджээ. Ерөнхийлөгч Барак Обама ийм шийдвэр гаргасан байна. Каролин Кеннеди 2008 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Б.Обамаг дэмжиж байсан юм. Мөн тэрээр Нью-Йорк мужаас Сенатад сонгогдож байжээ. Каролин Кеннеди нь Жон болон Жаклин Кеннедийн амьд буй цорын ганц хүүхэд нь юм

Загасчдыг далай руу шидсэн бололтой

Бангладешийн зүүн өмнөд хэсгийн Кутуби арлын орчимд далайн дээрэмчид нутгийн 16 загасчныг хороожээ. Бангладешийн тэнгисээс 16 загасчны цогцсыг олсон хэмээн орон нутгийн цагдаагийн газраас мэдээлэв. Долоо хоногийн өмнө 23 загасчин Дакка хотоос 400 км-зайд орших Кутуби арал руу загаслахаар яваад сураггүй алга болсон юм. 16 загасчныг хөл, гарыг нь хүлээд далайд хаясан байхыг олжээ. Дээрэмчид бангладеш иргэдийг амьдаар нь далай руу шидсэн хэмээн үзэж байна.

Энэтхэгт очих жуулчдын тоо буурчээ

Он гарсаар Энэтхэгт зорчих гадаадын жуулчдын тоо эрс буурчээ. Тус улсыг зорьдог эмэгтэй жуулчдын тоо 35 хувиар багассан байна. Энэ нь тэнд хүчингийн аймшигтай хэргүүд байнга гарах болсонтой холбоотой аж. Энэтхэгт очих жуулчдын урсгал нийтдээ 25 хувиар багасаад байгаа аж.
Их Британи, Америк, Канад, Австралийн жуулчид Энэтхэгт төлөвлөсөн амралтаа хойшлуулах нь элбэг байна. Үүний оронд эмэгтэй жуулчид Малайз, Тайланд, Вьетнам зэрэг Азийн өөр орнуудыг сонгож байгаа аж.

Х.Мешаль “Хамас”-ын лидерээр дахин сонгогдлоо

Палестины “Хамас” бүлгийн лидер Халед Мешаль улиран сонгогджээ. 56 настай Х.Мешалийн албан өргөө Катарт байдаг бөгөөд тэрээр Газын зурвасыг хяналтдаа байлгадаг “Хамас” бүлгийг дахин дөрвөн жил удирдахаар боллоо. АНУ, Израиль, Европын холбоо тус бүлгийг террорист байгууллага хэмээн үздэг аж. Халед Мешаль “Хамас”-ын лидерийн сонгуульд дахин оролцохгүй, гэхдээ шинэ лидер тодортол үүргээ гүйцэтгэнэ хэмээн мэдэгдэж байв. Тэрээр 1996 оноос хойш тус бүлгийг удирдаж байна.

Гуантанамод өлсгөлөн зарлаж буй хоригдлуудын тоо 30-д хүрлээ

Гуантанамо дахь Америкийн шоронд өлсгөлөн зарласан хоригдлуудын тоо 30-д хүрчээ. Тэдний 11-ийг нь албадан хооллож байгаа аж. Шоронгийн захиргаа ундны ус өгөхөөс татгалзаж, өрөөний халаалтыг шийдэж өгөхгүй байгаагаас хоригдлууд өлсгөлөн зарлажээ. Мөн Коран сударт хүндэтгэлгүй хандаж байгааг тэд эсэргүүцэж байна. Зарим хоригдол Гуантанамод арван жил болж байгаа ч ямар нэг хэрэгт буруутгагдалгүй хоригдсоор байгаа аж.
Кубын Гуантанамо дахь Америкийн цэргийн бааз дээр байдаг шоронд олон улсын терроризмд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьдог. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эл шоронг хаана хэмээн 2009 онд амласан ч хаагдалгүй ажилласаар байна.

Гуравдугаар сард Сирид зургаан мянган хүн амиа алджээ

Өнгөрсөн гуравдугаар сард Сирид зургаан мянган хүн амиа алдлаа хэмээн сөрөг хүчний идэвхтнүүд мэдээлэв. Лондонд төвтэй Сири дахь хүний эрхийг хамгаалах хорооноос гаргасан тооцоогоор, гуравдугаар сард 291 эмэгтэй, 298 хүүхэд, 1482 босогч, Засгийн газрын хүчний 1486 цэрэг амиа алдсан байна. Сөрөг хүчин, Засгийн газрын хүчний хооронд дайн дэгдсэнээс хойш нэг сарын дотор ийм олон хүн амь насаа алдаж байгаагүй аж. Нийтдээ Сирийн иргэний дайнд 70 мянган амиа алдаад байна.



Карлос Окариз: Н.Мадуро бол улсын мөнгөөр тэжээлгэдэг авлигач

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшиж байгаа Энрике Каприлесийн сонгуулийн штабын дарга Карлос Окариз “АВС”-д ярьж байна. “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро сонгуульд ялагдана, Чавесгүйгээр тэр хэн ч биш” хэмээн Сукре мужийн захирагч К.Окариз өгүүлэв. Сөрөг хүчний нэр дэвшигч Каприлес үлдэж буй цөөхөн хоногт (Ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 14-нд болно) эрчимтэй ажиллаж ялалт байгуулахад бэлэн байгаа аж.

-Байхгүй болсон Уго Чавесийн нэрийг барьж сурталчилгаа хийж яваа нэр дэвшигчийн өөдөөс яаж тэмцэж байна даа?

Бид Чавесийн нэрийг барьж байгаа явдлын өмнөөс юу ч хийхгүй. Уго Чавес өөд болсон, түүнийг тайван орхих ёстой. Харин Николас Мадуро гэгч үргэлж улсын мөнгөөр тэжээлгэж ирсэн авлигач, эрхэлсэн нөхөртэй бол тэмцэнэ. Улс орныг сүйрүүлж, уруудуулж, аюулгүй байдлыг нь алдагдуулсан гол буруутан бол Мадуро. Чавесгүйгээр тэр хэн ч биш.

-Сонгуульд хэн ялах бол. Судалгаагаар, Мадурог ялна гээд байгаа?

-Янз бүрийн судалгаа байгаа ч хүмүүсийн санаа бодлыг тандах цаг хугацаа алга байна шүү дээ. Тэгэхээр тэдгээр судалгааны дүн бодитой биш. Сонгуулийн кампанит ажлын хугацаа дэндүү богино байна. Өнгөрсөн аравдугаар сарын 7-ны сонгуульд Каприлес 45 хувийн санал авсан. Бид энэ хувийг нэмэгдүүлж, сонгуульд ялалт байгуулах зорилт тавьж байна. Мадуро ялагдашгүй хүн биш.

-Венесуэль эдийн засгийн хямрал руу алхаж, Засгийн газар нь үүнийг нуухыг оролдож байна. Ийм нөхцөлд Каприлес сонгуульд ялах шаардлагатай байна уу?

-Хэрвээ Мадуро эрх мэдэлд гарч ирэх юм бол одоог хүртэл хийж ирсэн шигээ улс орныг сүйрүүлээд дуусгана. Тиймээс улс орныг сүйрлийн замаас гаргахын тулд Каприлес сонгуульд ялах амин чухал шаардлагатай байна.

-Гэвч та нар ямар далайцтай хямралыг хүлээн авах гэж буйгаа мэдэж байгаа юм уу?

-Мэдээж улс орон ямар байдалтай байгааг бид сайн мэдэж байна. Мадуро Ерөнхийлөгч болвол сүүлийн зуун өдөр улс орныг яаж сүйтгэсэн шигээ гамшиг учруулах болно. Венесуэль улсад хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байр бий болгохын тулд Каприлес ялах хэрэгтэй байна.

-Энрике Каприлесийн кампанит ажлыг хэн санхүүжүүлж байгаа вэ?

-Бид өөрсдөө. Каприлесийн нэр дээр банкинд данс нээж хандивын арга хэмжээг зохион байгуулж байна. Бүх хөрөнгө, арга хэрэгсэл Мадуро руу явж, сонгуулийн кампани тун шударга бус болж байна. Тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр 35 цагаас илүү сурталчилгаа явуулж байна. Харин Каприлест ямар ч цаг алга.

-Ийм тэгш бус байдал, эрх баригчдын давуу талын өмнө юу хийж болох вэ?

-Нэр төрөө хадгалж, тэмцэж, итгэж явна даа?

-Өрнөдийн Жи Жи Рендон хэмээх сонгуулийн нэртэй стратегич та нарт зөвлөж байгаа юм уу?

-Үгүй ээ. Бид өөрсдөө сонгуулийн кампанит ажил, стратегиа зохион байгуулж, боловсруулж байна.