Wednesday, March 20, 2013





Ву Ренбао: “Та хэдэн тонн алттай байсан ч өдөрт гурваас илүү хооллож чадахгүй, тансаг орон сууцтай байсан ч нэгээс илүү орон дээр унтаж чадахгүй”

-Коммунист намын гишүүн Ву Ренбао тосгоны оршин суугчдын хөрөнгийг нийлүүлэн шинэ капиталист Хятадын билэгдэл болсон үйлдвэрлэлийн төвийг босгосон юм-

Хятадын хамгийн баян тосгоныг хөл дээр нь босгосон Ву Ренбао 85 насандаа уушигны хорт хавдраар таалал төгслөө. Коммунист намын тэтгэвэрт гарсан гишүүн Ву Ренбао нь улс оронд нээлттэй эдийн засгийн системийг нэвтрүүлсэн төрийн капитализмийн хамгийн тод төлөөлөгчдийн нэг юм.
Ву Ренбао өнгөрсөн даваа гаригт таалал төгссөн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. 1928 оны арваннэгдүгээр сарын 17-нд мэндэлсэн тэрбээр 1954 оноос Коммунист намд харъяалагдаж, Бүх Хятадын Ардын чуулганы депутат, парламентын зөвлөлийн гишүүний албыг хашиж явжээ. Түүний олон гавъяа шагналын дотор үйлдвэрлэлийн Жиансу мужийн, Шанхай хотоос 120 км-ийн зайд орших Хуаши хэмээх жижигхэн ч Хятадын хамгийн баян тосгоныг үүсгэн байгуулсных нь төлөө олгосон “Үлгэр жишээ ажилчин” шагнал тодорч харагддаг. Тус тосгоны оршин суугчдын жилийн орлого 80 мянган юань (10 мянган евро) байдаг нь том хотын иргэдийн дундаж орлогоос дөрөв дахин, хөдөө суурингийн оршин суугчдынхаас арав дахин давсан үзүүлэлт юм. Тиймээс Хуаши тосгоныхон Хятадын хамгийн баян суурин гэдгээрээ бахархахаас өөр аргагүй ажээ.
Бүх зүйл Соёлын хувьсгал ид өрнөж байсан 1968 онд эхэлжээ. Ву Ренбао тэр үед тосгонд амьдарч байсан 800 тариачныг цуглуулан мөнгөө нийлүүлж газар тариалангийн багаж хэрэгслийн үйлдвэрийг нууцаар байгуулжээ. Эрх баригчдын хүсэл зоригийг сөрж байгуулсан үйлдвэр нь жинхэнэ амжилт олж, тосгоны ард түмний амьдралыг эрс сайжруулсан байна.
Мао Зедун нас барж, 1970-аад оны сүүлчээр Дэн Сяопин нээлттэй эдийн засгийн бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхэд капиталист өмч хөрөнгийн баялаг туршлагатай болчихсон байсан Хуаши тосгоны айлууд бусад хятад иргэдийг бодвол хамаагүй давуу талтай гарааны зурхайгаас хөдөлжээ. “Бяцхан залуурчин” (Дэн Сяопин) “Баяжина гэдэг бол агуу зүйл” хэмээн тунхагласны дараа 1992 онд Ву Ренбао Засгийн газарт хандан төмөр, ган, цайр худалдаж авахын тулд нэг сая юанийн (125 мянган евро) тусламж үзүүлэх хүсэлт гаргаж, санасандаа хүрчээ. Хэдхэн сарын дараа Хятад орон даяар барилгажилтын “тэсрэлт” явагдаж, ган төмрийн үнэ тэнгэрт хадаж, харин Хуаши тосгоныхны ашиг орлого хэд дахин өссөн байна.
Иймэрхүү гүйлгээ ухаан сайтай Ву 1994 онд 30 мянган ажилчинтай, жилд 50 тэрбум юань эргэлдүүлдэг (зургаан тэрбум 252 сая евро) Huaxi Group-ийг байгуулав. Тус групп төмөрлөгийн, хувцасны үйлдвэр, аялал жуулчлал, химийн үйлдвэрлэл зэрэг өргөн бизнесийг хамарчээ. Гэвч энэ корпорац социалист хэв загвараар ажилладаг. Өөрөөр хэлбэл, Ву Ренбаогийн үүсгэн байгуулсан анхны үйлдвэрт хувь нийлүүлсэн айл, өрхүүдийн орон сууц, автомашин, зээл зэрэгт ашгаа хуваарилдаг ч тэд хүртсэн ашиг, орлогынхоо 80 хувийг эргүүлээд корпорацдаа хөрөнгө оруулалт болгон хандивладаг аж. Хиймэл нуурыг эрэг дээрх тус бүр нь 500 м кв талбайтай 400 гаруй амины тохилог орон сууцанд амьдардаг Хуаши тосгоны уугуул оршин суугчид хамгийн азтай хүмүүс. Хуаши нь Европын ямар ч хотын захаар байдаг тансаг тосгонтой тун адилхан. Хятадын жижигхэн тосгоны энэхүү тансаг, сайхан амьдрал “Та хэдэн тонн алттай байсан ч өдөрт гурваас илүү хооллож чадахгүй, тансаг орон сууцтай байсан ч нэгээс илүү орон дээр унтаж чадахгүй” хэмээх Ву Ренбаогийн уриатай салшгүй холбоотой юм.
Хуаши тосгоны 60 мянган оршин суугчийн хувьд боловсрол, эмнэлэг үнэгүй. Анх 400 өрхийн 1500 оршин суугчтай байсан тосгон томорч, ойр хавийн тосгон, сууринг “залгисаар” ийм болжээ. Гэвч Huaxi Group-ийн 25 мянган ажилчин нь өөр нутгаас ирсэн хүмүүс бөгөөд үйлдвэрийн дарга даамлууд болон уугуул иргэд шиг цалин пүнлүү, эрх ямба эдэлдэггүй. Хуаши тосгонд жил бүр хоёр сая жуулчин хөл тавьж, сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнд нь зочилдог. Дэлхийн хамгийн өндөр 15 барилгын нэгд ордог 74 давхар, 328 метр өндөр барилгатай эртний Хуаши тосгон нь Хятадын үсрэнгүй хөгжлийн нэг тод жишээ ажээ.

Sunday, March 10, 2013


Сэтгэлд дэндүү дотно эрх чөлөөний орон

Н.Мөнхжин

Эрх чөлөөний арлын орон Куба нь ертөнцийн нөгөө бөөрөнд орших ч монголчуудын хувьд хамгийн дотно, ах дүүгийн барилдлагатай улс билээ. Фидель Кастро, Эрнесто Че Гевара тэргүүтэй хувьсгалчид Америкийн талыг баримтлагч дэглэмийг түлхэн унагаж, социализм, коммунизмийг цогцлоон байгуулах их үйлсэд ханцуй шамлан орж, одоо ч үзэл бодолдоо үнэнч зүтгэсээр даруй хагас илүү зууныг элээгээд байгаа Куба орон. АНУ-ын талыг баримтлагч дэглэмийг түлхэн унагаж, хөрөнгөтнүүдийг хөөж гаргасныхаа төлөө Вашингтоны зүгээс хориг арга хэмжээ, бүслэн хаалтад ороод 50 гаруй жил болж байгаа ч боловсрол, спорт, анагаах ухаанаараа дэлхийд гайхуулсаар байгаа Куба. Дэлхий дээр хуруу дарам цөөн үлдсэн социалист, нэг намын системтэй Куба орон. Ийм нэг “сонирхолтой” бөгөөд сэтгэлд ойр арлын Куба оронд зочлох завшаан тохиолоо.
“Аэрофлот”-ын Airbus агаарын хөлөг Москвагаас хөөрсний дараа “Таныг манай авиа компаниар үйлчлүүлж буйд талархаж байна. Гавана хүртэл манай нислэг 12 цаг 30 минут үргэлжилнэ” хэмээн зарлаж байна. Миний хажууханд 30 орчим насны нэг хар залуу таарсан нь харваас куба гэдэг нь илт. Бие хаа нь тэгш гоолиг, тэгээд ч тамирчин мэт хувцасласан байсан тул спортын хүн байх хэмээн таамаглав. Чилийсэн 12 цагийн нислэгийг унтаж, сэрж, сэтгүүл, видео энэ тэр үзэж өнгөрөөсөөр уйдахдаа нөгөө залуутай яриа өдлөө. Нэр нь Рейнер.

-Сайн байна уу, та куба хүн биз дээ?
-Тийм ээ. Тө өөрөө?
-Аан, би монгол.
-Өө, Монгол... гайхалтай.
-Та тамирчин хүн үү?
-Үгүй, би балетчин.
-Тийм үү?
-Тийм ээ, би Италид ажиллаж, амьдардаг. Одоо амралтаа нутагтаа өнгөрөөхөөр явж байна.
-Хэзээнээс гадаадад бүжиглэж байгаа вэ. Аль хотод байдаг юм?
-Би гадаадад бүжиглээд дөрвөн жил болж байна. Эхлээд Венецийн, одоо Ториногийн дуурийн театрт бүжиглэдэг.
-Сонирхолтой юм байна. Нээрээ хоёр жилийн өмнө Монголд Бостоны балетийн бүжигчид ирж тоглоход тэдэн дунд Родриго Алмаралес гэдэг куба залуу ирсэн. Түүний ур чадвар үнэхээр гайхалтай байсан. Хамгийн шилдэг нь байсан. Та түүнийг мэдэх үү. Их алдартай балетчин байсан.
-Родриго Алмаралес аа... Дуулаагүй юм байна.
-Родриго Алмаралес хэдэн жилийн өмнө Италид “Авъяастныг тодруулахуй” телевизийн шоунд оролцож финалд шалгарч байсан юм байна лээ. Мэдэхгүй гэж үү?
-Тийм шоу байдаг. Гэхдээ Алмаралесийг мэдэхгүй юм байна аа. Кубын олон сайн балетчин гадаадын театруудад бүжиглэдэг. Маш олон байдаг.

“Бостон балет”-ийн Алтанхуягийн авчирсан бүжигчид дунд байсан куба залуу Родриго Алмаралес үнэхээр гайхалтай бүжиглэж байсныг та бүхэн санаж байгаа биз. Гэтэл Кубаар дүүрэн, дэлхийгээр дүүрэн хэдэн мянган Родриго Алмаралесууд байдаг ажээ. Энэ нь мэдээж эдүгээ 90 нас сүүдрийг зооглож яваа, дэлхийд зартай балетчин явсан Алисиа Алонсогийн үндэслэн байгуулсан Кубын үндэсний балеттай (Balet Nacional de Cuba) салшгүй холбоотой. Кубын үндэсний балетийг төгссөн л бол дэлхийн ямар ч дуурийн театрт гологдохгүй, ер нь бол урилга заллагаар бүжиглэж явдаг бололтой.
Гавана дахь Хосе Мартийн нэрэмжит олон улсын нисэх буудалд газардаад паспортны хяналтаар орох гэж харин овоо уддаг юм байна. 20-оод цонх байх ч тус бүр дээр нь асар урт дараалал үүсч, нэлээн цаг авах юм. Хилийн хяналтаар орж, чемоданаа аваад гараад ирэхэд таксичид “Гавана орох уу, ноёнтоон, 30-аар явна шүү” хэмээн хоргооно. 30 гэдэг нь 30 хөрвөх песо. Кубын мөнгөн тэмдэгт нь песо. Гэхдээ песо нь дотроо хоёр янз байх аж. Энгийн буюу Кубын песо, мөн хөрвөх песо гэж байна. Одоо бол бараг ихэнх худалдаа, үйлчилгээ хөрвөх песогоор хийгддэг. Харин бүтэн сайнд гардаг хүнс, ногооны зах, хямдхан идэш уушийн газар, жижиг мухлаг, хоолны газруудад л энгийн песогоор тооцоо хийнэ. Нэг хөрвөх песо нь нэг америк доллартай тэнцүү. Нэг хөрвөх песо нь 24 энгийн песотой тэнцэнэ.
Интернэтээр мэдээлэл хайж байхад “Гаванын нисэх буудал дээр зөвхөн такси байдаг. Хувийн автомашинаар хүн тосохыг хориглодог. Автобус нисэх буудлаас явдаггүй. Зөвхөн таксигаар хотын төв рүү ордог” гэж байсан ч тийм биш байлаа. Албаны ч, хувийн ч такси үйлчлүүлэгч хайгаад бужигнаж байх аж. Нисэх буудлаас гарахад 1950-аад оны америк машинууд өөрийн эрхгүй нүд булаана. Кубад байдаг автомашинуудын тал хувь нь 50-60 насласан ч ажрахгүй явсаар байдаг. “Buick”, “Chevrolet”, “Cadillac” зэрэг дээр үеийн алдартай америк брэндийн төмөр хүлгүүд нь аялагч, жуулчдыг татах нэг соронз болдог ажээ.
Нисэх буудлын гадаа “Наашаа ноёнтоон, ийшээ суучих. Гаванын төв рүү такси 30-аар явдаг. Би 25-аар явна. За наашаа” хэмээн хоргоолгож байх хооронд онгоцонд танилцсан балетчин залуу гэнэт гарч ирээд “Эй, амиго. Манай дүүгийн найз машинтайгаа ирчихсэн байна. Чамайг буух газар дээр чинь хүргээд өгье. 20 хөрвөх песо. Болно биз дээ” гэлээ. “Тэгье тэгье” гээд суулаа. Нөгөө хуучин америк машин. Үнэхээр сонин санагдаж, орчин үеийн таксигаар бус, 50-аад оны америк машинаар Гавана орох болсондоо баярлав. Би ч урд суудалд, жолоочийн хажууд тухалж авлаа. Рейнер дүүтэйгээ арын суудалд сууж хууч хөөрч байх хооронд Райдел хэмээх жолооч залуутай танилцаж, бяцхан хөөрөлдөв.
-Энэ хэдэн оны машин бэ?
-1953 оных.
-Америк машин уу?
-Яг тийм, ноёнтоон.
-Одоо болтол явж байхыг бодоход та нар машинаа сайн арчилж, торддог байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тордож, засч янзалж байж л хөдлөнө биз дээ.
-Иймэрхүү машин ямар үнэтэй байх вэ?
-20-30 мянган доллар л гэдэг юм. Гэхдээ ийм өндөр үнээр авна гэж юу байхав дээ.
-Бензин ямар үнэтэй байх уу?
-Литр нь нэг хөрвөх песо. Гэхдээ бид нар контрбандын (хууль бус) бензин авч машиндаа хийдэг юм. Хамаагүй хямдхан.
Тэртээ тэргүй нисэх буудлаас 20-30 доллараар Гавана хот орох нь ойлгомжтой. Харин балетчин залуу найздаа үйлчлүүлэгч олж өгч орлого оруулж байгаа нь тэр юмсанж. Кубууд ийнхүү танил тал, найз нөхөддөө туслаж “сэргэлэнтэхдээ” гарамгай юм билээ.
Кубад дундаж цалин тун бага тул ингэж хууль бусаар бараа таваар “гулгуулж” аргалахгүй бол болдоггүй бололтой. Монголчууд бид өөрсдийгөө хамгийн сайн жолооч, хамгийн сайн механик, засварчин гэж өргөмжилдөг бол биднээс илүү машиныг засч тордож, “монголчилдог” хүмүүс тэнд байна шүү. Мотор болон бас бус болохгүй эд ангийг нь солиод, засаад, будаж шунхдаад л яваад байдаг гэж байна. Хэдэн жилийн өмнө Ховдод “69”-өө 14 жил тордож, хөдөлгөж яваа жолоочтой таарч шагшиж байж  билээ. Гэтэл юун 14 жил, 50, 60 жил төмөр хүлгээ амьдруулсаар байгаа хүмүүс бол зөвхөн кубачууд юм байна даа гэж бодогдлоо. Зарим нь тэрхүү нас өндөр америк машиныг хурц, тод өнгөөр будаж алаглуулан, дээгүүр нь задгай болгон жуулчдыг суулган “Сити тур” хийн багагүй мөнгө олдог юм байна.
Америк машинуудын хажуугаар Оросын “Лада”, “Жигули”, “Москвич” бас л духъя харагдана. “Шаахай-7” хүртэл элбэг тааралдана. Япон, Солонгос, Германы сүүлийн үеийн машинууд бас байна аа. Харин манайд “хогоороо” байдаг данхар жип ер нь байхгүй юм. Тэрхүү хуучин америк машинууд нь манайхаар бол микрийн үйлчилгээ үзүүлдэг. Хуучин Гавана орно гээд л хүмүүс суугаад буугаад, суугаад явах юм. Нэг зорчигч 10 энгийн песо буюу манай мөнгөөр 500-600 төгрөг төлнө. Нийтийн автобус нь бүр хямдхан юм билээ. 100 төгрөг юм уу даа.
Куба нь аялагч, жуулчдын хувьд үзэж, харах юм ихтэй. Виньялесийн хөндий, Санта Круз дахь ром дарсны үйлдвэр, Варадеро, Каёо далайн эргийн амралт, Сапатагийн дархан цаазат газар, Хувентуд арал, Фидель Кастрогийн төрсөн нутаг Ольгин, Сантьяго де Куба, Тринидад хот гээд л жуулчдын сонирхлыг татсан, очих дуртай газар олон. Үүнээс гадна Гавана бол дэлхийн аялагч жуулчдын хувьд алдартай хот. Эрнест Хэмингуэй, Николас Гильен, Салвадор Альенде нарын орох дуртай байсан, Кубын алдарт Mojito (ногоон нимбэг, гааны навч, ром дарсаар найруулсан ундаа) ундааны төрсөн газар болох алдарт La Bodeguita del Medio ресторан, хүн төрөлхтний соёлын өвд багтсан Ариун Мариягийн цогчин дугана, Daiquiri ундаагаараа алдаршсан Floridita ресторан, Капитолын ордон, Испанийн колоничлолын үед баригдсан Морро хамгаалалтын цайз, Малекон, Хувьсгалын талбай, Коппелиа гээд жуулчдыг огтхон ч уйдаахгүй. Үүний зэрэгцээ, цагаан, хар элстэй далайн эрэг, амралтын газар, арлууд хэдэн зуугаараа байдаг. Хувьсгалаас өмнө Америкийн толгой баячууд, нэртэй улстөрчдийн очиж амрах дуртай газар нь Куба байсан гэдэг.

(үргэлжлэл бий..)





Кубын тэмдэглэл

Эрх чөлөөний арлын орон Куба нь ертөнцийн нөгөө бөөрөнд орших ч монголчуудын хувьд хамгийн дотно, ах дүүгийн барилдлагатай улс билээ. Фидель Кастро, Эрнесто Че Гевара тэргүүтэй хувьсгалчид Америкийн талыг баримтлагч дэглэмийг түлхэн унагаж, социализм, коммунизмийг цогцлоон байгуулах их үйлсэд ханцуй шамлан орж, одоо ч үзэл бодолдоо үнэнч зүтгэсээр даруй хагас илүү зууныг элээгээд байгаа Куба орон. АНУ-ын талыг баримтлагч дэглэмийг түлхэн унагаж, хөрөнгөтнүүдийг хөөж гаргасныхаа төлөө Вашингтоны зүгээс хориг арга хэмжээ, бүслэн хаалтад ороод 50 гаруй жил болж байгаа Куба. Дэлхий дээр хуруу дарам цөөн үлдсэн социалист, нэг намын системтэй Куба орон. Ийм нэг “сонирхолтой” бөгөөд сэтгэлд ойр арлын Куба оронд зочлох завшаан тохиолоо.
“Аэрофлот”-ын Airbus агаарын хөлөг Москвагаас хөөрсний дараа “Таныг манай авиа компаниар үйлчлүүлж буйд талархаж байна. Гавана хүртэл манай нислэг 12 цаг 30 минут үргэлжилнэ” хэмээн зарлаж байна. Миний хажууханд 30 орчим насны нэг хар залуу таарсан нь харваас куба гэдэг нь илт. Бие хаа нь тэгш гоолиг, тэгээд ч тамирчин мэт хувцасласан байсан тул спортын хүн байх хэмээн таамаглав. Чилийсэн 12 цагийн нислэгийг унтаж, сэрж, сэтгүүл, видео энэ тэр үзэж өнгөрөөсөөр уйдахдаа нөгөө залуутай яриа өдлөө. Нэр нь Рейнер.

-Сайн байна уу, та куба хүн биз дээ?
-Тийм ээ. Тө өөрөө?
-Аан, би монгол.
-Өө, Монгол. Гайхалтай.
-Та тамирчин хүн үү.
-Үгүй, би балетчин.
-Тийм үү?
-Тийм ээ, би Италид ажиллаж, амьдардаг. Одоо амралтаа нутагтаа өнгөрөөхөөр явж байна.
-Хэзээнээс гадаадад бүжиглэж байгаа вэ. Аль хотод байдаг юм?
-Би гадаадад бүжиглээд дөрвөн жил болж байна. Эхлээд Венецийн, одоо Ториногийн дуурийн театрт бүжиглэдэг.
-Сонирхолтой юм байна. Нээрээ хоёр жилийн өмнө Монголд Бостоны балетийн бүжигчид ирж тоглоход тэдэн дунд Родриго Алмаралес гэдэг куба залуу ирсэн. Түүний ур чадвар үнэхээр гайхалтай байсан. Хамгийн шилдэг нь байсан. Та түүнийг мэдэх үү. Их алдартай балетчин байсан.
-Родриго Алмаралес аа... Дуулаагүй юм байна.
-Родриго Алмаралес нээрээ хэдэн жилийн өмнө Италид “Авъяастныг тодруулахуй” телевизийн шоунд оролцож финалд шалгарч байсан юм байна лээ. Мэдэхгүй гэж үү?
-Тийм шоу байдаг. Гэхдээ Алмаралесийг мэдэхгүй юм байна аа. Кубын олон сайн балетчин гадаадын театруудад бүжиглэдэг. Маш олон байдаг.

“Бостон балет”-ийн Алтанхуягийн авчирсан бүжигчид дунд байсан куба залуу Родриго Алмаралес үнэхээр гайхалтай бүжиглэж байсныг та бүхэн санаж байгаа биз дээ. Гэтэл Кубаар дүүрэн, дэлхийгээр дүүрэн хэдэн мянган Родриго Алмаралесууд байдаг ажээ. Энэ нь мэдээж эдүгээ 90 нас сүүдрийг зооглож яваа, дэлхийд зартай балетчин явсан Алисиа Алонсогийн үндэслэн байгуулсан Кубын үндэсний балеттай (Balet Nacional de Cuba) салшгүй холбоотой. Кубын үндэсний балетийг төгссөн л бол дэлхийн ямар ч дуурийн театрт гологдохгүй, ер нь бол урилга заллагаар бүжиглэж явдаг бололтой.
Гавана дахь Хосе Мартигийн нэрэмжит олон улсын нисэх буудалд газардаад паспортны хяналтаар орох гэж харин овоо уддаг юм байна. 20-оод цонх байх ч тус бүр дээр нь асар урт дараалал үүсч, нэлээн цаг авах юм. Хилийн хяналтаар орж, чемоданаа аваад гараад ирэхэд таксичид “Гавана орох уу, ноёнтоон, 30-аар явна шүү” хэмээн хоргооно. 30 гэдэг нь 30 хөрвөх песо. Кубын мөнгөн тэмдэгт нь песо. Гэхдээ песо нь дотроо хоёр янз байх аж. Энгийн буюу Кубын песо, мөн хөрвөх песо гэж байна. Одоо бол бараг ихэнх худалдаа, үйлчилгээ хөрвөх песогоор хийгддэг. Харин бүтэн сайнд гардаг хүнс, ногооны зах, хямдхан цайны газар, жижиг мухлаг, хоолны газруудад л энгийн песогоор тооцоо хийнэ. Нэг хөрвөх песо нь нэг америк доллартай тэнцүү. Нэг хөрвөх песо нь 24 энгийн песотой тэнцэнэ.
Интернэтээр мэдээлэл хайж байхад “Гаванын нисэх буудал дээр зөвхөн такси байдаг. Хувийн автомашинаар хүн тосохыг хориглодог. Автобус нисэх буудлаас явдаггүй. Зөвхөн таксигаар хотын төв рүү ордог” гэж байсан ч тийм биш байлаа.
Нисэх буудлаас гарахад 1950-аад оны америк машинууд өөрийн эрхгүй нүд булаана. Кубад байдаг автомашинуудын тал хувь нь 50-60 насласан ч ажрахгүй явсаар байгаа “Buick”, “Chevrolet”, “Cadillac”. Эдгээр төмөр хүлгүүд нь аялагч, жуулчдыг татах нэг соронз болдог ажээ.
Нисэх буудлын гадаа “Наашаа ноёнтоон, ийшээ суучих. Гаванын төв рүү 30-аар явдаг. Би 25-аар явна. За наашаа” хэмээн хоргоолгож байх хооронд онгоцонд танилцсан балетчин залуу гэнэт гарч ирээд “Эй, амиго. Манай дүүгийн найз машинтайгаа ирчихсэн байна. Чамайг буух газар дээр чинь хүргээд өгье. 20 хөрвөх песо. Болно биз дээ” гэлээ. “Тэгье тэгье” гээд очлоо. Нөгөө хуучин америк машин. Үнэхээр сонин санагдаж, орчин үеийн таксигаар бус, 50-аад оны америк машинаар Гавана орох болсондоо баярлав. Би ч урд суудалд, жолоочин хажууд тухалж авлаа. Рейнер дүүтэйгээ арын суудалд сууж хууч хөөрч байх хооронд Райдел хэмээх жолооч залуутай танилцаж, бяцхан хөөрөлдөв.
-Энэ хэдэн оны машин бэ?
-1953 оных.
-Америк машин уу?
-Яг тийм, ноёнтоон.
-Одоо болтол явж байхыг бодоход та нар машинаа сайн арчилж, торддог байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тордож, засч янзалж байж л хөдлөнө биз дээ.
-Иймэрхүү машин ямар үнэтэй байх вэ?
-20-30 мянган доллар л гэдэг юм. Гэхдээ ийм өндөр үнээр авна гэж юу байхав дээ.
-Бензин ямар үнэтэй байх уу?
-Литр нь нэг хөрвөх песо. Гэхдээ бид нар контрбандын (хууль бус) бензин авч машиндаа хийдэг юм. Хамаагүй хямдхан.
Тэртээ тэргүй нисэх буудлаас 20-30 доллараар Гавана хот орох юмыг найздаа үйлчлүүлэгч олж өгч орлого оруулж байгаа нь тэр. Кубууд ийнхүү танил тал, найз нөхөддөө туслаж “сэргэлэнтэхдээ” гарамгүй юм байна лээ.
Кубад дундаж цалин тун бага тул ингэж хууль бусаар бараа таваар “гулгуулж” аргалахгүй бол болдоггүй бололтой. Монголчууд бид өөрсдийгөө хамгийн сайн жолооч, хамгийн сайн механик, засварчин гэж өргөмжилдөг бол биднээс илүү машиныг засч тордож, “монголчилдог” хүмүүс тэнд байна шүү. Хэдэн жилийн өмнө Ховдод “69”-өө 14 жил тордож, хөдөлгөж яваа жолоочтой таарч шагшиж байж  билээ. Гэтэл юун 14 жил, 50, 60 жил төмөр хүлгээ амьдруулсаар байгаа хүмүүс бол нээрээ зөвхөн кубачууд юм байна даа гэж бодогдлоо. Зарим нь тэрхүү нас өндөр америк машиныг хурц, тод өнгөөр будаж алаглуулан, дээгүүр нь задгай болгон жуулчдыг суулган “Сити тур” хийн багагүй мөнгө олдог юм байна лээ.
Америк машинуудын хажуугаар Оросын “Лада”, “Жигули”, “Москвич” бас л духъя харагдана. Япон, Солонгос, Германы сүүлийн үеийн машинууд бас байна аа. Харин манайд “хогоороо” байдаг данхар жип ер нь байхгүй юм. Тэрхүү хуучин америк машинууд нь манайхаар бол микрийн үйлчилгээ үзүүлдэг. Хуучин Гавана орно гээд л хүмүүс суугаад буугаад, суугаад явах юм. Нэг зорчигч 10 энгийн песо буюу манай мөнгөөр 500-600 төгрөг төлнө. Нийтийн автобус нь бүр хямдхан юм билээ. 100 төгрөг юм уу даа.
Куба нь аялагч, жуулчдын хувьд үзэж, харах юм ихтэй. Виньялесийн хөндий, Санта Круз дахь ром дарсны үйлдвэр, Варадеро, Каёо далайн эргийн амралт, Сапатагийн дархан цаазат газар, Хувентуд арал гээд л жуулчдын сонирхлыг татсан, очих дуртай газар олон. Үүнээс гадна Гавана бол дэлхийн аялагч жуулчдын хувьд алдартай хот.
Өнгөрсөн онд Куба улс 2.8 сая гадаадын жуулчин хүлээж авчээ. Энэ нь 2011 оныхоос 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Улс орны эдийн засагт орлого оруулдаг гол эх үүсвэр нь энэ юм. Мөн навчин тамхи, ром дарс төсөвт ихээхэн нэмэр болно. Энэ жил гадаад жуулчдын тоог гурван саяд хүргэх зорилт тавиад байна. Өнгөрсөн жил Кубад зочилсон гадаад жуулчдын талаас илүү хувь нь канадууд байжээ. Канадууд хоёр жил дараалж ийм рекорд тогтоож байгаа аж. Тэгээд араас нь Аргентин, Орос, Перу, Колумб, Хятад, Бразилийн жуулчид хамгийн ихээр ирдэг байна. Сүүийн үед монголчууд ч бас цөөнгүй Куба орныг сонгон зорчдог болж. Цагаан сарын үеэр хөгжмийн зохиолч Балхжав, жүжигчин Урнаа тэргүүтэй хэсэг нөхөд Кубаар аялсан сураг дуулдав. Мөн Америк, Канад зэрэг хол бус оронд ажиллаж, амьдардаг монголчууд Кубад ирж амарчихаад буцдаг болсон гэж байна.
Кубын Засгийн газрын тэтгэлгээр 24 монгол оюутан шүдний эмч, спортын дасгалжуулагч, архитектур зэрэг мэргэжлээр суралцаж байна. Байр, хоол үнэгүй, сардаа таван долларын тэтгэлэгтэй. Монголд байдаг монгол оюутнууд шиг наргиж цэнгэж, баар сав хэсч явдаггүй, тийм боломж байдаггүй юм байна. Хоорондоо уулзах нь бас ховор, хааяа нэг Монголын тэмдэглэлт баяраар Элчин сайдын яаман дээрээ цуглаж, хөгжилддөг аж. Тиймээс Кубад сурдаг монголчууд бодож санах юмгүй хичээлдээ шамдсаар төгсдөг, тэр тусмаа дэлхийн хаана ч гологдохгүй шилдэг мэргэжилтнүүд болоод ирдэг байна.  

Кубад суух элчин сайд Даваасамбуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа аж. Кубын анагаах ухаан, боловсролын систем дэлхийд алдартай. Куба дахь монгол оюутны тоог нэмэх, зөвхөн Засгийн газрын тэтгэлгээр бус, мөн төлбөртэй, ховор, нарийн мэргэжлээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх, монгол жуулчдыг аялалын багцад хамруулж, хямдрал үзүүлэх, Куба дахь эмчилгээний аялалыг хөгжүүлж, монголчуудыг оролцуулах, спортын өндөр амжилт гаргадаг сургалт, арга барилаас нь суралцах зэрэгт манай тал тодорхой санал тавьчихаад байгаа аж. Дөрөвдүгээр сард хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт Гавана хотод болохоор төлөвлөгджээ. Энэ уулзалтаар хамтын ажиллагааны шинэ гэрээ хэлэлцээг батлах, өргөжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Испани, Латин Америк буюу испани хэлт ертөнцөөс ганцхан орны элчин сайдын яам Улаанбаатарт байдаг нь Кубынх билээ. Латин Америкт Монголыг төлөөлдөг ганцхан дипломат төлөөлөгчийн газар байдаг нь бас л Кубад. Сүүлийн үед Латин Америкийн орнуудын Монголыг сонирхох, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол нь илт нэмэгдэх болсныг элчин сайд онцолж байв.

Фидель Кастро 2006 онд эрүүл мэндийн улмаас дүү Раульдаа эрх мэдлээ шилжүүлж өгснөөс хойш Засгийн газрын төв хэвлэл “Гранма”-д “Эргэцүүлэл”-ээ тэрлэн суух болсон юм. Нэг хэсэг эрчтэй бичиж, нийтлүүлж байснаа сүүлийн үед цөөрч, бараг бичихээ больжээ. Дүү Рауль Кастро нь Кубын нэгдүгээр хүн болсноосоо хойш ЗХУ задарсны дараа нурж унаад байсан эдийн засгаа сэргээхээр үе шаттай шинэчлэл хийж иржээ. Кубад одоо л хувийн өмч дөнгөж хөгжиж байна. Раулийн Засгийн газар жижиг, дунд тариачдад газрыг нь эзэмшүүлж, тариа, ногоогоо тарьж, зах дээр худалдах эрхийг нь олгожээ. Мөн хоёр жилийн өмнөөс иргэд орон сууц, автомашинаа худалдах, худалдан авах эрхтэй болсон юм. Америкийн хориг арга хэмжээний улмаас гадаад орнууд харилцаагаа хөгжүүлэхээс дөлж байх үед угийн уламжлалт сайн харилцаатай Испани улс зориглон хөрөнгө оруулж том том зочид буудлууд барьжээ. Украин, канадууд ч аялал жуулчлалын салбарт чамгүй хөрөнгө оруулж байна. Ром дарсны хамгийн алдартай “Havana club” брэндийг гэхэд л Францын нэгэн компани, Кубын Засгийн газар хоёр хамтран эзэмшдэг байх жишээтэй. Гурван жилийн өмнөөс куба иргэд орон сууцандаа, нэг давхартаа дэлгүүр, цайны газар ажиллуулах эрхтэй болжээ. Эдүгээ Панам, Гаити зэрэг улс руу ганзагын наймаанд явж “гахай дарж” ирдэг гэж байна. Газрыг тариачдад эзэмшүүлж байгаа ч улсын өмч хэвээрээ. Рауль Кастрогийн дэглэм саяхан нэг томоохон шинэчлэл хийсэн нь Цагаачлалын шинэ хууль юм. Куба иргэд гадаадад зорчихын тулд заавал нөгөө талын урилга, мөн Засгийн газраас гадаад руу аялах зөвшөөрөл авдаг байсан. Нөгөө талын урилгатай ч энэ зөвшөөрлийг Засгийн газраасаа авч чадахгүй бол гадаадад зорчих боломжгүй байсан. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нөөс хойш энэ хоёр шаардлагыг байхгүй болгожээ. Гадаад паспортоо аваад тухайн зорчих гэж буй орныхоо визыг авчихвал “Та яв яв” гэдэг болсон аж. Цагаачлалын шинэ хууль батлагдсаны дараа куба иргэд гадаад паспорт авахаар иргэний бүртгэлийн газарт, виз авахаар гадаадын элчин сайд, консулын газарт дугаарлан зогсох болжээ. Гэвч гадаад улс орнууд куба иргэдэд виз олгохдоо улам чанга шаардлага тавьдаг болсон, ер нь кубуудад виз өгөх дургүй болсон гэж ярьж байна. “Бид нарыг очоод үлдчихнэ гээд бүр виз өгөхөө больсон” хэмээн ярьж байлаа. Шинэ хууль гарсны дараа Монгол руу зорчих куба иргэдийн тоо ч өсөх хандлагатай болсныг Гавана дахь манай элчин сайдын яамныхан өгүүлж байв. “Монголд байр, сав ямар үнэтэй вэ, цалин хэд вэ. Зоогийн газар нээвэл хэдэн төгрөг шаардлагатай вэ” хэмээн асуун сонирхох гурван ч залуутай таарлаа. Монголд ирэх сонирхол байдаг ч хэл мэдэхгүй, мөн онгоцны зардал нь үнэтэй болохоор хэцүү байдаг бололтой. Гэхдээ л кубууд бол үнэхээр сэргэлэн, ялангуяа бизнест толгой нь дэндүү сайн ажилладаг хүмүүс дээ. Амьдралын хэцүү, хомс, тарчиг нөхцөлд амьдраад, тэсч үлдээд сурчихсан хүмүүс чинь маниус шиг элбэг дэлбэг, эрхэлчихсэн баагийнуудыг бодвол шал өөр байдаг бололтой. Гадаадад гарсан кубууд яаж, ийж байгаад л арга эвийг нь олоод л хэдэн жилийн дараа “хөл дээрээ босч”, шаггүй хувийн бизнестэй болчихсон явж байдаг. Кубуудын энэхүү сэргэлэн зан, онцлогийг өрнөдийнхэн бүгд хүлээн зөвшөөрдөг. Дээхэн үед Америк, Испани руу гарчихсан куба иргэдийн ихэнх нь хувийн компанитай, бизнесиэй болчихсон байдаг. Кубын хойд эргээс 160-хан км-ийн зайд орших Майами хотод гэхэд л 1.8 сая куба иргэд амьдардаг. АНУ-д амьдардаг латин гаралтай (испани хэлтэй) толгой баячууд, бизнесмэнүүдийг жагсаахад эхний 100 байрны 80-ыг куба гаралтай иргэд эзэлдэг ажээ.    


Кубын дундаж цалин 20-50 доллар. Навчин тамхи, ром дарсны үйлдвэр, аялал жуулчлалын салбарт ажилладаг нөхөд арай илүү цалин авдаг бололтой. “Та нар ийм бага цалин аваад яаж амьдардаг юм” гэхээр “Бид нар хуулийн дагуу амьдарвал чадахгүй, тийм боломж ч байхгүй” гэх юм билээ. Таксины жолооч нар нь бензинээ хууль бусаар “гар дээрээс” авдаг. Танилцсан куба айлын хөргөгчинд ундааны саванд хийчихсэн шаргал ундаа өрөөстөй байсныг асуувал “Шар айраг, үйлдвэрийн шар айргийг нууцаар гаргаад ингэж савлаад зардаг, хямдхан” гэнэ. Ром дарсыг ч ингэж хулгайгаар зардаг юм байна лээ. Ер нь ийм контрбандын сүлжээ дэлгэрчихсэн, түүнийгээ дагаад авлига их байдаг бололтой юм. Дээр нь гадаадад, тэр тусмаа АНУ-д амьдардаг хамаатан, садангуудаас нь ирдэг мөнгөн илгээмж, гуйвуулга куба иргэдэд ихээхэн тус болдог ажээ. Төсвийг гол орлогыг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар, навчин тамхи, ром дарсны үйлдвэрлэл дээр Америкаас голдуу ар гэрийнхэндээ илгээдэг мөнгөн тусламж орно. Кубад америк долларыг үндэсний мөнгө рүү хөрвүүлэхдээ 18 хүртэл хувийн шимтгэл авдаг. Америк дахь куба иргэдээс ар гэрийнхэндээ илгээсэн мөнгөнөөс Засгийн газар нь өндөр хувь аваад төсөвтээ нэмэрлэчихдэг. Хэдий хэмжээний гэр бүлийн мөнгөн гуйвуулга гадаадаас орж ирдгийг Гаванын Засгийн газар нууцалдаг ч жилд 800 саяаас нэг тэрбум 500 сая долларын мөнгөн илгээмж орж ирдэг гэсэн тооцоо бий. Куба иргэн бүрт Америкт амьдардаг ямар нэг хамаатан, ах дүү, аав ээж байдаг гэж үнэн ажээ.   


Кубад одоо ч картын систем нь хэвээрээ. Айл бүр сардаа нэг удаа кофе, тамхи, хүнсний ногоо, талх, угаалгын нунтаг, саван зэрэг нэн тэргүүний хэрэгцээт зүйлээ картаар, маш хямдаар авчихдаг. Бүтэн сайнд задгай зах дээр гардаг хүнсний ногоо, жимсний худалдаа куба песогоор тооцоо хийнэ. Тариачид, үйлдвэрлэгчид зуучлагчгүйгээр, шууд авчирч зардаг эдгээр жимс, ногоо нь “Арай ч дээ” гэмээр хямдхан. Бүгд органик, жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг чинь тэнд л байна. Тарихгүй, байхгүй жимс ногоо ч гэж алга. Тэгээд дээр нь ямар ч шатны боловсрол, эмнэлэг, анагаах нь үнэгүй байдаг нь атаархмаар. Кубыг ядуу ядуу, хөөрхий гэдэг ч сайн тал маш их. Рауль Кастрогийн Засгийн газар “гэнэтийн цочмог эмчилгээ” хийж ард иргэдээ “элгээр нь хэвтүүлэхгүйн” тулд эдийн засгийн шинэчлэлийг аажим, аажмаар хийсээр байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө дахин таван жилээр Кубын удирдагчаар сонгогдохдоо “Би одоо бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад халаагаа өгнө” хэмээн парламентын индрээс мэдэгдсэн билээ. Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мигель Диас-Канель Кубын дараагийн удирдагч болно хэмээн ярьж байна. 53 настай, Кубын үе чацуу Диас-Канель Ерөнхийлөгч болвол хэрхэн, ямар шинэчлэл хийх нь хэн бүхэнд сонин байгаа аж. Кубын одоогийн удирдагчид эдийн засаг, нийгэмдээ бага багаар шинэчлэл хийж байгаа ч улс төрийн системээ солих бодолгүй байна. Харилцаа холбооны систем, эдийн засгийн сул хөгжлөө Америкийн хориг арга хэмжээтэй холбон тайлбарлах ч Кубын улс төрийн системд бас чир байдаг л бололтой. Тус улсад интернэт бараг хөгжөөгүй гэхэд л болно. Ард иргэд нь интернэт гэгчийг бараг мэдэхгүй. Төрийн байгууллагын ажилтнууд, гадаадын иргэд л интернэтийг хязгаартайгаар хэрэглэх эрхтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай том зочид буудлуудад интернэт кафе байх ч тэр хэтэрхий үнэтэй, бас удаан. “Яагаад интернэт хөгжөөгүй юм бэ” гэхээр куба иргэд “Америкийн хориг арга хэмжээнээс болоод” гэж хариулах нь бий. Гэвч Кубын эрх баригчид болохгүй бүтэхгүй гэсэн бүхнээ Америкийн хориг арга хэмжээ рүү чихээд сурчихсан хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилдэг юм билээ. Хүйтэн дайны бараг сүүлчийн үлдэгдэл гэгдэж буй хориг арга хэмжээ одоо утгаа алдаж, дэлхийн улс орнууд АНУ-ын Засгийн газарт хандан энэ хоригоо даруй цуцлахыг шаардсаар  байгаа ч Вашингтон үл тоомсорлосоор. Хориг арга хэмжээ мөдхөн байхгүй болно гэдэгт куба иргэд итгэдэг. Харин тэр цагт Кубын улс төрийн системд ямар өөрчлөлт орох бол.

Хэдийгээр өрнөдийн улс орнууд Кубын нэг намын системийг шүүмжилж, ардчилал, олон намын систем, чөлөөт сонгуулийг шаарддаг ч ах дүү Кастро болон бусад удирдагчид өөрсдийн үзэл бодолдоо үнэнч, тууштай хэвээр байна. Кубад сонгууль болоход сурталчилгааны кампанит ажил гэж болдоггүй. Тухайн тойрогт дэвшсэн хүн нь сонгуулийг тойрог, хороон дээр намтраа, зурагтайгаа өлгөчихдөг гэж байгаа. Өөр сурталчилгаа энэ тэр байхгүй. Манайхан шиг мөнгийг сая, тэрбумаар нь сонгуулийн сурталчилгаандаа зарцуулна гэж байхгүй. Энэхүү хэмнэлттэй, амар сурталчилгааны системийг нь манайх аваад хэрэгжүүлчихвэл зүгээр ч юм шиг санагддаг юм. Жишээ нь, Баянгол дүүргийн 1-р хороонд нэр дэвшсэн Бат, Сүрэн нар янз бүрийн орц, хаалган дээр ухуулах хуудас, плакат нааж, цагаан хоолойгоор дуу тавьж, уулзалт энэ тэрд урина гэхгүй, орой бүр зурагтаар хөтөлбөрөө ярьж залхаахгүй.  Зүгээр л сонгуулийн хэсгүүд дээр намтар, цээж зураг нь наалттай. Сонгогч намтрыг уншиж, гэгээн дүрийг нь хараад л “За, Батад д саналаа өгье” гээд л гүйцээ. Зүгээр биш гэж үү.
Сүүлийн үед Хайнань, Сингапур, Жэжү рүү завсар зайгүй аялах болсон монголчуудын зам Куба руу эргэнэ гэдэгт итгэж байна. Одоохондоо ганцхан Оросын “Аэрофлот” шууд нислэгтэйн дээр хамгийн хямд гэж байгаа, өөр шууд нислэг алга. Тэр нь бас дундаж монгол иргэнд ахдахаар үнэтэй (УБ-Москва-Гавана-Москва-УБ нислэгийн үнэ гурван сая 300 мянга). Тавдугаар сард Turkish Airlines УБ-аас Туркээр дамжсан шууд нислэг Гавана руу хийж эхлэх юм байна лээ. Энэ мэтээр өрсөлдөөн гарч, нислэгийн үнэ хямдарвал манайхан Куба руу хөвөрнө биз. Аялагч, жуулчдын хувьд бол Куба үнэхээр сонирхолтой, үзэж харах юм ихтэй. Хүн төрөлхний үнэт өвд багтсан, Испанийн колоничлолын үед баригдсан Хуучин Гавана, цагаан элстэй Варадеро амралтын газар гээд л. Варадеро бол далай руу түрж орсон 20 гаруй км үргэлжлэх хошуу. Цагаан элстэй эргийг нь дагаад юу байна гэвэл амралт, зочид буудал л байна. Хямдаасаа аваад үнэтэй хүртэл янз бүрийн үнэтэй, далайн эрэг дээр байж болох бүх л зугаа цэнгээ, усанд шумбалт, завины аялал зэрэг бүх юм бий. Өрөөгөө жуулчдад түрээсэлдэг айлууд ч зөндөө. Энэ нь хямдхан бөгөөд тун тохилог. Эзэд нь тун найрсаг. Кубууд ер нь их найрсаг хүмүүс. Зам, гудамж асуухаар тун дуртай хэлж өгнө. Тэр тусмаа хөгшин хүмүүс нь тун ч найрсаг, манайд орж кофе уу гэж урина. Куба хүмүүс гэснээс куба хүүхнүүдийн тухай ярихгүй өнгөрвөл алдас болно биз. Монгол хүүхнүүдийн хүслэн болсон нөгөө алим шиг бөгс куба хүүхнүүдэд зүгээр л бурхнаас заяасан гэлтэй. Цагаан, хар, бүр жаахан охидууд хүртэл гоолиг, туранхай мөртлөө яг л алим шиг бөгстэй. Нөгөө салса, меренге бүжгээ хийсээр байгаад тийм болчихдог юм уу, бүү мэд.
Хуучин Гаванын барилга байшин нь их шигүү. Гудамж талбай нь жуулчин, хүн ихтэй. Эртний уран барилга, гудамж, алдартай уушийн газар, музей ихтэй Хуучин Гаванад нэг хэцүү юм бий. Тэрүүгээр явж байгаад куба хүнээс гудамж, хаяг асуух юм уу, эсвэл “Хэй, амиго, сайн уу. Та аль улсаас ирсэн бэ” гэж асуухад нь “Сайн” гээд хариулах л юм бол нөгөөх чинь “За, навчин тамхи сонирхох уу. Худалдаж ав гэж тулгахгүй. Зүгээр ийшээ ороод үзчих” гээд л жинхэнэ ядаргаа болно доо. Нэг залуу навчин тамхи байна гэхээр нь “Ямар үнэтэй юм” гэж асуулаа.

-Хямдхан, хямдхан. Энүүхэн энд, Капитолын (АНУ-ын Вашингтон дахь Капитолын ордонг дуурайлган барьсан Гавана дахь түүхт барилга) ард навчин тамхины үйлдвэр байдаг юм. Хажуугийн гудамжинд нь ажилчид нь амьдардаг. Засгийн газраас сардаа нэг удаа ажилчиддаа хэдэн хайрцаг тамхи өгч тал үнээр нь зарах боломж олгодог юм. Өнөөдөр тэр өдөр нь. Одоо дөрвөн цагт тэр худалдаа нь хаагддаг. Сардаа нэг удаа таардаг өдөр та таарчээ, азтай байна- гэв. За, яахав, очиж үзье гэж бодоод дагаад явлаа. Тэгсэн нэг байрны орц шиг юмаар орж нэг айл руу яваад орчихов. 40 орчим насны бор залуу гэрийнхээ гал тогооны ширээн дээр Cohiba, Romeo Julieta, MonteCristo зэрэг хамгийн алдартай брэндийн навчин тамхинуудыг гоё гоё хайрцагтай нь тавьжээ. Нөгөө залуу “За, жинхэнэ ориг навчин тамхи ийм байдаг юм. Хайрцаг сав нь ийм гоё, тамга тэмдэг, шошготой. Нэг хайрцагтаа 25 ширхэг навчин тамхи байдаг. Сайн, чанартай навчин тамхийг гараараа, алганыхаа хооронд ингэж имэрч гүйлгэвэл доошоо үйрмэг тамхи доошоо унадаггүй юм” гээд л үзүүлж байна. “Тэгээд ямар үнэтэй юм бэ дээ” гэхэд “За, энэ Фидель Кастро, Жон Кеннеди нарын татах дуртай Cohiba брэнд 210 доллар. Үйлдвэрийн үнэ нь 380 доллар. Засгийн газраас нэг удаа ингэж хямдруулж зарах боломж олгодог юм. Та энэ б оломжийг алдаж болохгүй” гээд л ярьж өгч байна аа.

-Уучлаарай, би Кубад ирээд дөнгөж нэг хонож байгаа болохоор үнэ энэ тэрийг сайн мэдэхгүй байна. Эхний өдрөө тамхи авахгүй. Буцахынхаа өмнөх өдөр л авна. Тэгээд ч таны навчих тамхи надад үнэтэй санагдаж байна.

-Найз аа, энэ ганц боломж шүү.

-Уучлаарай, би одоо авч чадахгүй нь.

-Ээ, за яахав, 180 доллараар ав.

-Үгүй ээ, би дөнгөж эхний өдрөө явж байна.

-Чи манай гэр бүлд туслахгүй юм уу, найз аа. Энийг худалдаж авч манай гэр бүлд туслаач (Ингэж хэлэнгээ хажуугаар нь гүйх жаахан охиноо зааж байна)

-Уучлаарай...

-Чи тэгээд манай гэр бүлд туслахгүй юм биз дээ- гэж нойтон хамуу царайлав. Уучлаарай гээд гэрээс нь гартал “Чи наад залуудаа мөнгө өг” гэв. “Намайг энд дагуулж ирлээ гэж мөнгө өгөх юм уу” гэтэл “Анха” гэж байна.
Арай ч дээ. Жаахан мөнгө өгсөн болоод салав. Жуулчдыг ажиглан зогсох куба залуус шууд л навчин яриад унах юм. “Алив, ийшээ ороод үзчих” гээд л бараг л чирч, гулдрах нь холгүй. Гэтэл нөгөө сардаа нэг удаа Засгийн газраас брэндийн навчин тамхийг хямдхан зарах зөвшөөрөл өгдөг гэдэг нь худал болж таарлаа. Жуулчдын тэгж панаалддаг бололтой. Өөр гудамжинд таарсан залуус нөгөө л Cohiba-г худалдаж авахыг санал болгож үнэ нь бүр 70 доллар болж буурчээ. Гэхдээ дэлгүүрт бол үнэхээр үнэтэй юм байна лээ. 350-500 доллар. Гэвч “сайхан гарууд” үйлдвэрээс нууцаар гаргаад ийнхүү албан ёсны үнээс нь хямдхан зараад байдаг аж. Куба иргэн бүрт навчин тамхины үйлдвэрт ажилладаг хамаатан садан, танил нөхөд байдаг гэж үнэн бололтой. Бололтой ч юу байхав үнэн юм байна.

Кубад байх үеэр Венесуэлийн Ерөнхийлөгч таалал төгслөө хэмээн зурагтаар зарлаж, куба иргэд бүгд зурагтныхаа өмнө шавжээ. Гаванын эрх баригчид хамгийн сайн итгэлт андаа таалал төгслөө хэмээн долоон өдрийн гашуудал зарлаж, улс орон даяар бүх далбаа, тугийг дунд нь хүртэл буулгасан байв. “Кубад жинхэнэ өгөөмөр сэтгэлээр харамгүй тусалж байсан Уго Чавес байхгүй боллоо. Одоо Кубад байдал эргээд хэцүүднэ дээ” хэмээн ярих куба иргэд цөөнгүй тааралдав. Үнэхээр У.Чавес Венесуэлээс Куба хүртэл далай доогуур хэдэн мянга км урт харилцаа холбоо, интернэтийн шилэн кабель татаж, нефть болон бас бус зүйлээр харамгүй тусалж байсан. Венесуэлийн төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь Кубад бэлэглэж байна хэмээн Венесуэлийн сөрөг хүчнийхэн ч шүүмжилж байв. Одоо тэгж тусалж байсан, дэндүү өгөөмөр анд найз нь байхгүй болжээ. Түүнийг залгамжлагчид Кубатай тогтоосон хамтын ажиллагаа, тусламжаа хэвээр нь үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн ч үүнд нь куба иргэд тэгж их итгэхгүй байгаа аж. “Тэд адилхан тусласаар байна гэж байгаа ч Уго Чавес шиг байж чадахгүй” хэмээн куба иргэд өгүүлж байна. 

Tuesday, October 23, 2012





Феликс Баумгартнер: Үхэхгүй гэдгээ мэдэж байсан болохоор гэрээслэл бичээгүй

 Агаар мандалд 39 км-ийн өндөрт гарч эх дэлхий рүү чөлөөт уналт хийсэн АНУ-ын шүхэрчин Феликс Баумгартнер дэлхийн хамгийн алдартай хүн болжээ. Австрийн “Red Bull” фирм энэхүү хосгүй үсрэлтийг зохион байгуулсан юм. Баумгартнер агаар мандлаас доошоо унаж байхдаа 1342 км/цаг хурдалж гэрлийн хурдыг (1235 км/цаг) гүйцсэн билээ. Испанийн “MARCA” сонин түүнтэй уулзжээ.

-Феликс, та энэ өдрүүдэд юу хийж явна даа. Одоо ч супер баатар болоо биз дээ?

-Лос-Анжелес, Орландо хоёрын хооронд холхиж, телевизийн нэвтрүүлэгт оролцсоор байна. Миний амьдрал их өөрчлөгдлөө. Нисэх буудал, зоогийн газарт хүмүүс намайг таньж, гарын үсэг авч, хамт зургаа авахуулж байна. Үүрийн дөрвөн цагт над руу залгаж, папарацци нар мөрдөн мөшгих боллоо. Ийм л амьдралтай болчихлоо.

-Агаар мандал руу өгсөж байхдаа юу бодож байв?

-Хийж байгаа зүйлдээ маш их төвлөрсөн байлаа. Өмнөх амжилтын эзэн Жо Киттингерийг давж гарна гэсэн зорилготой байсан болохоор өөр зүйлд анхаарлаа сарниулж болохгүй байсан. Бүгдийг хяналтандаа байлгах хэрэгтэй байсан болохоор багаараа бүгдийг сайтар давтаж, нягталж байлаа.

-Та яагаад төлөвлөснөөсөө өмнө шүхрээ нээчихсэн юм бэ. Киттингерийн амжилтыг эвдэж чадсангүй шүү дээ?

-Үгүй ээ, үгүй. Би шүхрээ 1300 метрийн өндөрт нээсэн. Ийм өндөрт нээнэ гэсэн тооцоотой байсан. Бүх юм тооцоолсноор болсон.

-Хамгийн гайхалтай, сэтгэл хөдлөм мөч юу байсан бэ?

-Бүхээгний хаалгыг нээхэд би маш өндөрт гарснаа мэдэрсэн. Эх дэлхийг тэр чигээр нь, бүхлээр харж байлаа. Тэр их өндөрт хүн өөрийгөө асар энгийн гэдгийг мэдэрдэг юм байна. Юун дэлхийн рекорд эвдэх, зөвхөн амьд буцаж очих юмсан л гэж бодогдож байсан.

-Доошоо унаж байхад ямар байсан бэ?

-Түүнийг тодорхойлж хэлэхэд хэцүү. Эхний үсрэлт сайн байсан ч дараа нь 50 секундын турш хяналтгүй болсон мэт эргэлдсэн. Тэр үед бол яг хяналтаа алдсан л даа. Учир нь, эх дэлхий дээр ийм их хурдаар бэлтгэл сургуулилт хийх ямар ч боломжгүй. Дуунаас хурдан үсрэлтийг бид хэзээ ч давтаж байгаагүй. Дараа нь би үсрэлтээ хянаж, зорилгодоо хүрч чадсан.

-Та унаж байхдаа нүдээ анисан уу?

-Үгүй (инээв). Толгой дээр асар их даралт ирж байсныг мэдэрсэн ч нүдээ аниагүй. Зөвхөн нөхцөл байдлыг хяналтдаа авах гэж л оролдож байлаа.

-1000км/цаг хурдтай унаж байхад юу харагдах вэ?

-Цэнхэр тэнгэр харагдаж, бүх зүйлс асар хурдтай өнгөрч байсан.

-Та энэ үсрэлтнээс таашаал авсан уу?

-Дараа нь таашаал авсан. Газарт буугаад, амьд байна гэдгээ мэдээд их баярласан. Яг үсэрч, доошоо унаж байхад юун таашаал авах! Шүхрээ дэлгэж аюулгүй газардах боллоо гэдгээ мэдэх хүртэл маш хэцүү байсан.

-Та гэрээслэлээ бичсэн байсан уу?

-Үгүй. Би үхэхгүй гэдгээ мэдэж байсан болохоор гэрээслэл бичээгүй. Гэрээслэл бичиж үлдээх талаар ер нь бодоогүй юм байна шүү. Энэ үсрэлтэд таван жилийн өмнөөс бэлтгэсэн болохоор сэтгэл зүй сайн бэлтгэгдсэн байсан. Тархи, оюун дотроо энэ үсрэлтийг олон удаа хийгээд байсан даа.

Wednesday, September 26, 2012




Ажингийн бөлөнцөр

... Саран ажингийн бөлөнцөр нь саяхан хотод орж ирээд буцжээ..., манай базын бөл нь Америк руу сурахаар явсан байна...
Ингэж ярьсан хүнийг ямар арлын хэлээр ярьчихав аа гэж гайхаж магадгүй. Гэтэл энэ маань аялгуу сайхан, баялаг монгол хэл минь ажээ. Орчин үеийн монголчууд монголоороо “ярьж чадахаа” байсны буруутныг хайгаад ч яахав. Хэлж ойлгуулаад, хэрэглэж яриад л хэвшчихье.
Эгч дүү хоёртой суусан эрчүүдийг баз гэдэг, бүгд мэднэ. Харин ах дүү хоёртой суусан хүүхнүүдийг ажин, авьсан гэх бөлгөө. Төрсөн ах дүү Бат, Доржтой суусан Нараа, Сараа хоёр хоорондоо ажин, авьсан. Нараа эгчмэд тул ажин, Сараа нь дүүмэд тул авьсан болой.
Бат, Доржийн хүүхдүүд хоорондоо бөл. Хоёр дахь үеийнх бол бөлөнцөр. Ах дүү, эгч дүүсийн хүүхдүүд хоорондоо хэрхэн тэрсхэн, ойр дотно өсдөг билээ дээ. Бөөсөө хувааж иддэг бөлүүд гэж ярьдаг нь энэ юм.
Манайхан бол “ахын хүүхэд, эгчийн хүүхэд, эгчийн нөхрийн дүүгийнх нь ахын хүүхдийнх нь ахын хүүхэд” гэгчлэн ярьдаг. Сэтгэлгээ нь хумигдаж, ядуурах нь залхуу, бүтээлч бус болгодгийг эрдэмтэд аль хэдийнэ нотолсон. Жишээ нь, дээрх шиг ярихын оронд манай найз Гэрлийн бөл нь Англи явчихаад иржээ гэвэл нөгөөх нь “Аан, Гэрлээгийн ахынх нь дүүгийн хүүхэд Англи яваад ирсэн юм байна” гэж дотроо бодож, оюун тархи нь бага ч болтугай ажиллаж байдаг.
Ингэж л монгол хэлээрээ ярьж сурмаар. Тэрнээс “манай нөхрийн ахтай суусан хүүхний эмээгийнх нь дүүгийн ач Архангайгаас айраг авчиржээ” гэж яриад байвал монгол хэл маань мөхөхийн цондон биз. Зүгээр л “Ажингийн бөлөнцөр Архангайгаас айраг авчиржээ, очиж ууцгаая” л байхгүй юу.

Н.МӨНХЖИН